Энэ сарын 2-ны өдөр Бээжин хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын VII уулзалтаар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгаж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэхээр эцэслэн тохирсон гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн.
Үүний дараа (09.05) Ерөнхий сайд Г.Занданшатар Владивостокт “Газпром”-ын удирдлагуудтай уулзаж, төслийг бүх талаар дэмжихээ илэрхийлж, Улаанбаатар хотыг хийжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт Шадар сайд С.Амарсайхан, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга бөгөөд Удирдах газрын дарга В.А.Маркелов нар гарын үсэг зурлаа.
САНАМЖ БИЧГИЙГ ЗААВАЛ БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЮУ?
Шадар сайд С.Амарсайханы гарын үсэг зурсан санамж бичгийг* ОХУ-ын “Газпром” компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер “юридически обязывающий меморандум (заавал биелүүлэх ёстой санамж бичиг) байгууллаа” гэж мэдэгдсэн.
Тэгвэл олон улсын эрх зүйд олон улсын гэрээг эцэслэн тохирох гэдэг нь талууд тус гэрээний талаар дахин өөрчлөлт оруулахгүй тухайн хэлбэрээр эцэслэн зөвшөөрөхийг хэлдэг бөгөөд тус санамж бичиг энэ хэмжээнд хүртэл дахин олон үе шат байгаа гэж ойлгож болно.
Харин БНХАУ-ын Засгийн газрын сайт зэрэг албан ёсны эх сурвалжид тус санамж бичгийн талаар огт дурдаагүй байна.
*Санамж бичиг - Хамтын ажиллагааны зорилгыг тодорхойлсон, гэрээний өмнөх шатны баримт бичиг бөгөөд талууд хууль ёсны үүрэг хүлээхгүй.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨГӨӨЖ vs АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭРСДЭЛ
"Сибирийн хүч - 2" хийн хоолойн төслийн хүрээнд Оросын Баруун Сибирээс Монголын нутгаар зургаан аймаг, 22 сумдаар дамжин Хятадын хойд хилд хүрэх бөгөөд төлөвлөж буй хүчин чадал нь жилд 50 тэрбум орчим куб метр юм.
Монголын газар нутгийг дамжина гэдэг утгаараа богино хугацаанд дэд бүтцийн хөгжил, ажил эрхлэлтийн боломжийг бий болгох зэрэг эдийн засгийн өгөөж байгаа хэдий ч, аюулгүй байдлын томоохон эрсдэл бий гэдгийг судлаачид онцолж байна.
Асуулт: "Сибирийн хүч - 2" хийн хоолойн төслийн хүрээнд бий болох транзитын орлого нь дэд бүтцийн хөгжил, ажлын байр зэрэг эдийн засгийн шууд болон шууд бус үр өгөөжид урт хугацаанд хэрхэн нөлөөлөх вэ?
МУИС-ын Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн дэд профессор, эдийн засагч Б.Энх-Амгалан: Нэгдүгээрт, хийн хоолойг барихтай холбоотойгоор Монголын туслан гүйцэтгэгч компаниуд орж ажиллах учраас тэнд ажиллаж байгаа иргэд ажилтай, орлоготой болох болно.
Хоёрдугаарт, транзит орлого нь жилдээ 750 саяас нэг тэрбум ам.доллар буюу 2.7-3.6 их наяд төгрөгийн орлого олох боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр манай улсын төсөв болон ДНБ-ий хэмжээ нэмэгдэх боломжтой.
Мөн газыг дан ганц дамжуулаад зогсохгүй, ашиглах* тухай асуудал яригдаж буй. Хэрвээ хэрэгжээд эхэлбэл Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээнд хэмнэлт гарах, халаалтыг газаар шийдэх боломж бүрдэх учраас утаа багасах, үүнийгээ дагаад эрүүл мэндэд зарцуулах зардал буурна гэх мэт олон давуу тал бий болно.
*Дархан, Улаанбаатар, Чойр, Сайншанд руу хий авах боломжтой гэж тооцоолж буй.
Асуулт: "Сибирийн хүч - 2" хийн хоолойн төслийн хүрээнд бий болох эдийн засгийн шууд болон шууд бус үр өгөөж нь эрсдлээсээ давах боломжтой юу?
Олон улсын харилцаа судлаач Э.Тамир: Эдийн засгийн хувьд “Сибирийн хүч-2” төсөл Монгол Улсад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татвар хураамжийн орлого төвлөрүүлэх, эрчим хүчний салбарт тодорхой шинэ бололцоог хүртэх боломжийг нээж өгнө.
Гэвч төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэлбэр тодорхойгүй байна. Хэрэв гурван улс хамтран хөрөнгө оруулбал эзэмшлийн хувиас шалтгаалан Оюутолгойн жишээ шиг 34 хувийн ашиг, эрсдэл, хариуцлагыг Монгол тал үүрэх магадлалтай. Үүн дээр нэмээд хийн хоолойн хамгаалалтын бүсийг хэрхэн тогтоох, тус бүсэд ямар дэглэм үйлчлэх нь анхаарах асуудал, ер нь аюулгүй байдлын судалгаа хэр түвшинд хийгдсэн зэрэг тодорхойгүй олон асуудал байна. Мөн ОХУ, БНХАУ хий нийлүүлэх үнийн асуудлаар тохиролцоонд хүрээгүй байгаа нь төслийн ирээдүйд эргэлзээ төрүүлж буй. Өнөөгийн санамж бичгийг харвал олон улсын гэрээг эцэслэн тохирох шат хүртэл шийдлээ хүлээж, хэрэгжиж эхлэх хүртэлх олон асуудал байна.
Томоохон их гүрнүүд ийм төрлийн дэд бүтцээ нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдалтай ижилтгэн хамгаалдаг түүхэн зарим туршлагаас харахад Монголын хувьд эдийн засгийн өгөөжөөс гадна урт хугацааны аюулгүй байдлын эрсдэлийг онцгойлон тооцох шаардлагатай.
20 ЖИЛ ХАДГАЛСАН “АЖИГЛАГЧ” СТАТУСААСАА ТҮДГЭЛЗЭВ
Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр гарсан бас нэг чухал шийдвэр нь Монгол Улс ШХАБ*-ын “ажиглагч” статусаасаа түдгэлзэж, хоёр хөрштэйгөө гурван талт хамтын ажиллагаагаа илүү ойртуулсан явдал байв.
Энэхүү алхам нь ШХАБ-ын “ажиглагч улс”-ууд болон “яриа хэлэлцээний түнш”-үүдийг нэгтгэж “түнш” гэх ангилал бий болгосон бүтцийн өөрчлөлттэй давхацсан.
*ШХАБ - Шанхайн хамтын ажиллагааны байгууллага
Асуулт: Олон тулгуурт гадаад бодлого баримталж ирсэн манай улсын хувьд ШХАБ-ын түнш болох шийдвэр баталгаажвал гуравдагч хөршийн бодлогод хэрхэн нөлөөлөх вэ?
Олон улсын харилцаа судлаач Э.Тамир: ШХАБ-ын “ажиглагч” улсаас бүтцийн өөрчлөлтийн дагуу “SCO partner” ангилал руу шилжих өөрчлөлт яригдаж буйг гуравдагч хөрш улсууд маань анхааралтай ажиглаж байгаа нь тодорхой. Мэдээж энэ нь бидэнд хоёр хөрш болон байгууллагын гишүүн орнуудтай эдийн засгийн хувьд хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх нь дамжиггүй.
Гэхдээ цаашид их гүрнүүдийн өрсөлдөөн, зөрчил хэрхэн өрнөхөөс их зүйл шалтгаална. Их гүрнүүд хоорондын зөрчил хурцадвал ирээдүйд хэрэгжүүлэх төслүүдээс шалтгаалан Монгол Улсыг “дайны санхүүжилтэд шууд бус хэлбэрээр оролцож байна” гэж шүүмжлэх өнцөг ч байж болно.
Харин олон улсын нөхцөл байдал нааштай байх тохиолдолд бид олон тулгуурт бодлогынхоо хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаагаа олон хэлбэрээр өртгөтгөх ч сайн талтайг бас бодолцох нь зүйтэй. Манай улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ бодлогоо хадгалах нь тодорхой.
МУИС-ын Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн дэд профессор, эдийн засагч Б.Энх-Амгалан: Олон улсын зүгээс манай улсын нөхцөл байдлыг ойлгож байгаа учраас элдэв дарамт шахалт үзүүлэх, худалдаанд хориг тавих, хөрөнгө оруулалт саарах зэрэг үзэгдэл гарахгүй болов уу гэж бодож байна. Гэсэн хэдий ч улс төрийн яриа хэлэлцээг олон улсын түвшинд маш сайн хийх хэрэгтэй.
УКРАИНЫ ЖИШЭЭНЭЭС СУРАЛЦАХ НЬ
Украин Улс 1960-аад оноос эхлэн ЗХУ-ын байгалийн хийг Европ руу дамжуулах гол транзит төв болж хөгжсөн. Энэ нь тус улсын эдийн засагт орлого оруулах, ажлын байр бий болгох, дэд бүтцийн хөгжлийг дэмжих зэрэг олон давуу тал авчирч байв.
Гэсэн хэдий ч 2014 онд Орос-Украины хоорондын улс төрийн зөрчил хурцдаж, Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэх, зүүн Украины Донбасст зэвсэгт мөргөлдөөн эхлэх зэрэг үйл явдлын улмаас Украины байгалийн хийн транзит нь улс төр, аюулгүй байдлын ноцтой эрсдэл болж хувирсан юм.
Үүний дараа ОХУ Европ руу байгалийн хий дамжуулахад Украинаас хэт хамааралтай байх нөхцөлөөс зайлсхийхийн тулд өөрийн стратегийн давуу талыг хадгалах зорилгоор "Хойд урсгал" (Nord Stream), "Өмнөд урсгал" (South Stream) зэрэг төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь Украины транзит орлогыг бууруулах, улмаар улс төрийн шахалт үзүүлэх хэрэгсэл болсон талаар олон улсын шинжээчид дүгнэсэн байдаг.
Монгол Улсын хувьд Украин шиг шууд дайны нөхцөл байдал үүсэх боломжгүй ч, “Сибирийн хүч-2” төслийн хүрээнд газар нутгаар дамжуулах хийн хоолойн төсөл нь улс төр, геополитикийн шалтгаанаар дарамт, үнийн хэлцлийн эрсдэлд өртөх магадлалтай. Тиймээс эдийн засгийн өгөөжийг ашиглахын зэрэгцээ урт хугацааны аюулгүй байдлыг хангах бодлого, хамгаалалтын дэд бүтэц, олон улсын гэрээний механизмыг нарийн төлөвлөх, хянах шаардлагатай юм.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.