LIVEBLOG: Түүхэн сонгуулийн үйл явцыг НЭГ ДОРООС

LIVEBLOG: Түүхэн сонгуулийн үйл явцыг НЭГ ДОРООС

unnu.news
Б.Лхагвацэрэн
21 өдрийн өмнө

Өнөөдөр бол түүхэн өдөр. Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш анх удаагаа УИХ-ын 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгоно. Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зүйл бол сонгуульд оролцож, сонгох, сонгогдох эрхээ эдлэх билээ

Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн үйл явцыг unnu.news тоймлон хүргэнэ. Энэ холбоосоос нэгдсэн мэдээллээ аваарай.

УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

Санал хураалт өндөрлөлөө

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 69.3 хувийн ирцтэйгээр өндөрлөлөө.

19:30 цагийн байдлаар санал хураалтын ирц 59.5 хувьтай байна

Саналаа өгсөн сонгогчдын тоо нэг саяыг давлаа

УИХ-ын ээлжит сонгуулийн ирц 17:31 цагийн байдлаар 51.5 хувьд хүрлээ. Улсын хэмжээнд 1,072,000 сонгогч саналаа өглөө.

Санал хураалт орон даяар 22 цагт дуусна.

16:50 цагийн байдлаар санал хураалтын ирц 48.6 хувьтай байна

Улс төрийн намууд мэдээлэл хийлээ

Ардчилсан нам, Монгол Ардын намын сонгууль эрхэлсэн байгууллагаас мэдээлэл хийлээ.

МАН:

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва "Ардчилсан Намын зүгээс хууль зөрчсөн удаа дараагийн баримтууд ирж, нотлогдож байна.

Булган аймгийн АН-ын хороо иргэдийн регистрийн дугаарыг тулгаж, мөнгө тарааж байгаа үйлдэл баригдаж, баталгаажлаа. Өвөрхангай аймагт зах дээр АН-аас 150,000 тарааж байгаа үйлдэл нотлогдлоо.МАН-ын зүгээс эдгээр зөрчлийн талаар холбогдох байгууллагад хандаж байгааг мэдэгдье” гэв.

АН:

Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Хэсгийн хорооны дарга нар иргэдийн санал өгөх үйл явцад маш их нөлөөлж байна. Сонгогч саналын хуудсыг бөглөх үед хажууд нь очоод зааварлаж байгаа баримт бий.

Энэхүү асуудлаар 18:00 цагт хэвлэлийн хурал хийж, аль хэсгийн хорооны хэн гэдэг хүн зааварчилгаа өгсөн гэдгийг ил болгоно.  Хэсгийн хороонд очиж саналаа өгсөн зарим иргэн өөрийн сонголтоо зураг авч баталгаажуулж байна" гэв. 

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүд сонгуулийн үйл явцыг хянаж байна

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагууд 2024 оны Монгол Улсын Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл явцыг хянаж байна.

Ингэхдээ хэвлэл мэдээллийн мониторинг, сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, санал хураах, дүнг гаргах үйл явцын ажиглалт гэсэн дөрвөн асуудалд анхаарал хандуулж хяналт тавихын зэрэгцээ сонгогчдод мэдээлэл өгөх шууд утас ажиллуулах, сонгогчдын боловсролд хувь нэмэр оруулах бусад ажлыг санаачлан ажиллаж байна.

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь Нээлттэй Нийгэм Форумын санаачилгаар 2008 оны 3 дугаар сард байгуулагдсан, нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зорилго санаа нэгтэй төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн сүлжээ юм.

Уг сүлжээний гишүүнээр Глоб Интернэшнл ТББ, МИДАС ТББ, Сонгогчдын Боловсрол Төв, Бодлогод залуусын хяналт, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд зэрэг иргэний нийгмийн байгууллагууд ажилладаг бөгөөд 2008, 2012, 2016, 2020 оны УИХ-ын болон 2009, 2013, 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамтран хараат бусаар хяналт тавьж, ажиглалт хийсэн туршлагатай.

Сүлжээнд нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд нь сонгуулийн үйл явцад хяналт тавихдаа аливаа улстөрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмийг чанд баримтлан мөрдлөг болгодог. Сонгуульд тавьж буй хяналтын явцын үр дүнг сонгуулийн кампанит ажлын үеэр олон нийтэд байнга тайлагнах бөгөөд эцсийн тайланг сонгуулийн дараа нийтэд хүргэх юм.

УИХ-ын сонгуулийг гадаадын 259 ажиглагч, 27 сэтгүүлч ажиглаж байна<br>

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч ажиглаж байна.

Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орнуудынх юм. ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тайлан бэлтгэж, дүгнэлт, зөвлөмж өгнө.

Ардчилсан институт хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хороо нь сонгуулийн үйл ажиллагааг эрх зүйн орчин, зохион байгуулалт зэрэг өргөн утгаар ажиглахаас санал авах байруудын бэлтгэл ажил, санал авах өдрийн нээлт, санал хураалт, санал тооллогын үйл явц, хяналтын тооллогыг ажиглана.

Улмаар санал авах өдрийн дараа урьдчилсан тайлангаа танилцуулж, сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн урьдчилсан тайланг зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хойш хоёр сарын дараа нийтлэх аж. Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ ирүүлсэн гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улс дахь гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын 68 ажиглагч Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах юм.

Энэ удаагийн сонгуулийн олон улсын хэвлэл мэдээллийн 12 байгууллагын 27 сэтгүүлч, сурвалжлагч сурвалжилж, олон улсад мэдээлэхээр ажиллаж байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос уриалга гаргалаа

Үндсэн хуульт Монгол Улсын хүндэт иргэд, сонгогчид оо !!!

Та бид Чөлөөт, Ардчилсан сонгуулийн үр дүнгээр Төрийн эрх барих дээд байгууллагадаа төлөөллөө сонгож Монгол төрөө эмхлэн байгуулах СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР бол 6 дугаар сарын 28-ны өдөр юм. Санал авах ажиллагаа өглөөний 7.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны нээлттэй ил тод, сонгуульд оролцогч бүх талуудаас хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, сонгогчдын дунд эргэлзээ, буруу ойлголт үүсгэдэг асуудлыг нэг бүрчлэн мухарлаж, эргэлзээг арилгах, сонгогчдод үнэн бодит мэдээлэл өгөх асуудлаар улс төрийн нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллагатай нээлттэй хамтран ажиллаж байна.

Энэ удаагийн сонгуулийн санал хураалт дууссаны дараа саналын хуудсыг бүх хэсэгт 100 хувь гар аргаар давхар тоолж шалгах бөгөөд энэ үйл ажиллагаанд нам, эвсэл нэр дэвшигчдийн 30.000 ажиглагчид шууд хяналт тавихаас гадна хяналтын камерын доор зохион байгуулахаар бэлтгэл хангаад байна.

Монгол Улс анх удаа Улсын Их Хурлын 126 гишүүнийг сонгуулийн хосолсон тогтолцоогоор сонгож байгаа нь онцлог бөгөөд үүнтэй холбоотойгоор сонгогчдоос санал авах, тоолох ажиллагааг зохион байгуулахад сонгогчдод хүндрэл үүсгэхгүй байхад онцгойлон анхаарч бүх шатны сонгуулийн хороод, түүнд ажиллаж буй 25,700 төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо.

 НЭГ СОНГОГЧ, НЭГ СОНГОЛТЫН ҮНЭ ЦЭН бол Үндсэн хуульт ардчиллын баталгаа юм. Иймд иргэд, сонгогчид Та бүхэн өөрийнхөө төлөө, үр хүүхдэд, гэр бүлийнхээ ирээдүйн төлөө сонголтоо хийх хариуцлагатай цаг ирээд байна.

 Бусдын сонголтод найдаж биш өөрийнхөө итгэл үнэмшил, үзэл бодлоороо сонгуульдаа хариуцлагатай, идэвхтэй оролцохыг Та бүхэндээ уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саналаа өглөө

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн Саруул хорооллын Том жаал цэцэрлэгт байрлах сонгуулийн 8-1-36-4 хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Тэрээр "Монголын ард түмэн бид хамтдаа 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой байна. Нэгдүгээрт, салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй парламентыг Монгол Улсын түүхэнд бүрдүүлэх гэж байна. Энэ ч утгаараа сонгуулийн ирц өндөр байна гэж ажиглаж байна. Мөн хилийн чанадад байгаа монголчууд саналаа өгөх боломж бүрдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид, үйлдвэрчний эвлэл, хувийн хэвшлийн төлөөлөл жагсаалтаар нэр дэвшин УИХ-д орж ирэх гэж байна. Нийт ард иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь ардчилал гэдэг бол ард иргэд төлөөллөө сонгох сонголт юм." гэв.

АН-ын дарга Л.Гантөмөр саналаа өглөө

Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр намын гишүүдийн хамт сонгуульд саналаа өглөө.

Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "Өнөөдөр монгол төрийн ажлыг, бидний дэвшүүлсэн хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгоход асар чухал дүн гарна гэдэгт итгэж байна. Орой 22:00 цагтай уралдаж, саналаа өгөх дараалал үүсдэг, энэ удаа битгий давтагдаасай" гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд байрлах 8-1-1-3 дугаар хэсгийн хорооны санал авах байранд саналаа өглөө.

13:30 цагийн байдлаар санал хураалтын ирц 32.7 хувьд хүрлээ

10:00 цагийн байдлаар санал хураалтын ирц 12 хувьд хүрлээ

Санал хураалт эхэлснээс хойш гурван цагийн дараа буюу 10:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 12%-д хүрлээ.

Говийн бүсийн 7-р тойрог, зүүн бүсийн 6-р тойрог, нийслэлээс Багануур, Багахангай, Налайх, Баянгол дүүргийн ирц өндөр байна.

Сонгогчийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 07:00 цагт эхэллээ. Санал авах ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.