Ерөнхий сайд огцорлоо
Улсын Их Хурлаас Ерөнхий сайдад итгэл үзүүлээгүй тул огцорлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д тогтоолын төслөөр өргөн мэдүүлсэн.
Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн гаргасан горимын саналын дагуу нууц санал хураалт явуулж, олонхын саналаар итгэл үзүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
УИХ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг дэмжээгүй тул огцорсонд тооцож, дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэхийг нууц санал хурааж шийдвэрлэнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д тогтоолын төслөөр өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ нууц санал хураах горимын санал гаргаж, уг санал дэмжигдэв.
УИХ-ын 64 гишүүн Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тогтоолын төслийг дэмжихгүй бол огцорсонд тооцож, дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох хуулийн зохицуулалттай.
Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэдгээ мэдэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ.
Тэрээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй, парламентын засаглалыг дэмжинэ гэдгээ мэдэгдэв.
Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд ямар нэг өөрчлөлт орохгүй гэдгийг албан ёсоор хэлье. Би өөрийгөө дахин зургаан жилээр огт сонгохгүй.
Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцож өөрийн байр сууриа илэрхийлнэ гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдэгдлээ.
УИХ-ын 30 гишүүн үг хэлсний дараа Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлаар санал хураана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуулттай холбогдуулан УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж дууссан. Үүний дараагаар УИХ-ын 35 гишүүн үг хэлэхээр бүртгүүлэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Гишүүн хуралдаанд байр сууриа илэрхийлж үг хэлэх /цаашид "үг хэлэх" гэх/ хугацаа 4 минутаас илүүгүй байна.” гэж заасан.
Үүнээс тооцоолбол ойролцоогоор 30 гишүүн үг хэлж дууссаны дараа буюу хоёр цагийн дараа санал хураах төлөвтэй байна.
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Тэрээр:
- Өнөөдөр Та бид Монгол Улсын ирээдүйг шийдвэрлэх түүхэн эгзэгтэй мөчид ирээд байна. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 126 төлөөлөл бүхий шинэ парламентын байгуулсан анхны Засгийн газар тогтвортой ажиллаж чадах эсэх тухай шийдвэрийг хамтдаа гаргах гэж байна.
- Энэ асуудал Хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын асуудал гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг аль замаар, хаашаа хөтлөх вэ гэдэг салаа замын эхэнд байна. Яагаад гэвэл, 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс юм.
- Бид өөрсдийн үзэл бодлоо хэнээр ч заалгахгүй байх эрх чөлөөтэй бөгөөд өнөөдрийн нээлттэй хурлын үр дүнд олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэлд тулгуурлан төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал эцсийн шийдвэрээ гаргаж чадна гэдэгт итгэж байна.
- Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулж, улмаар ардчилсан парламентын засаглалыг мөхөлд хүргэх эрсдэлийг дагуулж болзошгүйг Улсын Их Хурлын чуулганд нэг бус удаа илэрхийлж байсныг минь Та бүхэн санаж байгаа биз ээ.
- Монголчууд бид энэ амжилтаа ухраах биш ахиулах учиртай. “Ялалт бол мөнхийн зүйл биш, ялагдал ч бас сүйрэл биш. Гагцхүү үнэт зүйлдээ үнэнч үлдэх л жинхэнэ ялалт гэдэг үг бий”. Ард түмний элч болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхнийг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 81%-тай байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болсон бөгөөд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээр шийдвэрлэсэн юм.
Уг асуудлыг хэлэлцэхэд Ардчилсан намын бүлэг ирцээ бүртгүүлэх ч санал хураалтад оролцохгүй буюу итгэл хүлээлгэхгүй байх шийдвэр гаргаад байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж олонхын саналаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх санал хураалтад оролцохгүй буюу дэмжихгүй байх шийдвэр гаргалаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үг хэлсний дараа санал хураалтын өмнө Ардчилсан намын гишүүд танхимыг орхин гарах аж.
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хууль:
10.11.Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.
Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээр шийдвэрлэлээ
Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээр шийдвэрлэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр эцсийн үр дүн биш бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэнэ.
Хуралдаанд оролцсон байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээр шийдвэрлэлээ. Итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг ТББХ-ны хуралдаанд оролцсон 23 гишүүнээс 17 нь дэмжлээ.
Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нууцаар санал хураах горимын санал гаргаж, уг санал дэмжигдсэнээр нууц санал хуралт явуулав.
Төрийн байгуулалтын байнгын хороо итгэл хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхдээ нууц санал хураана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д тогтоолын төслөөр өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж байна.
Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нууцаар санал хураах горимын санал гаргав. Улмаар уг санал дэмжигдсэнээр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхдээ нууц санал хуралт явуулахаар боллоо.
Тооллогын комисст УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Ж.Баярмаа, Б.Батбаатар нар сонгогдов. Тооллогын комиссын даргаар УИХ-ын гишүүн Б.Батбаатар, нарийн бичгийн даргаар Б.Батбаатар ажиллана.
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хууль:
10.6.Нууц санал хураалтыг санал хураах хуудсаар явуулах бол гишүүдээс бүрдсэн тооллогын комисс байгуулна. Нууц санал хураалт явуулах, дүнг гаргах журмыг тооллогын комисс боловсруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална.
10.7.Нууц санал хураалтыг цахимаар явуулахад санал өгсөн гишүүдийн нэрс хуралдааны цахим системд хадгалагдахгүй.
10.8.Гишүүн санал хураалтад оролцохдоо "зөвшөөрсөн", эсхүл "татгалзсан" саналын аль нэгийг өгнө.
10.9.Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусад гишүүнд шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно.
10.10.Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай шууд холбоотой үйл ажиллагааны үр дүнд өөрөө болон гэр бүлийн гишүүд нь орлого олж байгаа, эсхүл бусад хэлбэрээр ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ тухай хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж санал хураалтад оролцохгүй.
Засгийн газарт Ардчилсан намаас томилогдсон гишүүд чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
Ардчилсан намаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн албан бичигт “Монгол Ардын Намын Бага хурлаас гэрээний үүргээ зөрчсөн тул Засгийн газраас гаргах нь зөв гэсэн гүтгэлэг тарааж улс төржсөн шийдвэр гаргасан. Энэхүү гүтгэлгийг Ардчилсан намаас зүгээс эрс буруушааж байна. Монгол Ардын Намын Бага хурлын шийдвэртэй холбоотойгоор Засгийн газарт ажиллах нь Ардчилсан намын байр суурьтай зөрчилдөнө гэж бид үзэж байгаа тул чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэжээ.
Л.Оюун-Эрдэнэ: Огцрох амархан, үүнтэй санал нэгдэж байна
Байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах хариултыг өглөө.
Гэхдээ огцорсны дараах үр дагавруудыг тооцох ёстой. Энэ бол монгол төрийн ажил. Цааш цаашдын Засгийн газрууд олон сорилттой нүүр тулна. Асуудал бүхэнтэй тулаад байнга огцроод байдаг болчихвол гүйцэтгэх засаглал, улмаар хэт тогтворгүй засаглал үүсвэл парламентын засаглалд эрсдэл тулгарах тул хувь хүний асуудалтай холбож хэрэггүй гэж үзэж байна.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхэллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д тогтоолын төслөөр өргөн мэдүүлсэн. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхэллээ.
Тус байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 14:00 цагт хэлэлцэх товтой байна.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх санал дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо гаргана
Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 25 гишүүний бүрэлдэхүүнтэй. Нийт гишүүний 13 нь МАН, 8 нь Ардчилсан нам, 2 нь ХҮН нам, 1 нь Үндэсний эвсэл, 1 нь Иргэний зориг ногоон намын төлөөлөл байна. Эдгээрийн дотроос 10 нь одоогийн Засгийн газрын гишүүн бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ байнгын хорооны гишүүн юм.
Тус байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 14:00 цагт хэлэлцэх товтой байна.
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д тогтоолын төслөөр өргөн мэдүүлсэн. Тогтоолын төслийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 12:00 цагт, үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар 14:00 цагт хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөр товложээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэх зохицуулалттай.
Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолын төслийг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцно.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.