РЕДАКЦЫН БУУХИА: Шижигнэсэн залуустай хамт олны дунд өнгөрүүлсэн хагас өдөр

unnu.news
unnu.news
2 сарын өмнө

Сэтгүүлчийн хувьд редакцын томилолт хамгийн чухал зүйлийн нэг байдаг. Энэ удаад редакцын даалгавраар “GoGo.mn” сайтын ажил байдалтай танилцахаар зорьж очлоо. Хот доторх томилолт их соньхон байв. Хэвлэл мэдээллийнхэн нэг нэгнийхээ үйл ажиллагааг сурвалжилж, сурталчилж олонд таниулж эхлээд байгаагийн нэг жишээ энэ.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг том нөмөр дор, сэтгүүлчид гэдэг халуун ам бүл оршин тогтноод өдийг хүрэхдээ зэрэгцэн хөгжиж явсан уу гэхээс хэн нэгнийхээ хаалгыг тогшиж, ажил төрлийг нь сонирхож байсан нь хэр олон юм бол гэх мэт олон зүйлийг эргэцүүлж бодсоор зорьсон газраа хүрэв. Цаасгүй хэвлэл буюу цахим ертөнцийн манлайлагчдын нэг болох “GoGo.mn” сайт “Ялалт” кинотеатрын дэргэдээс буурь сэлгэж, сэрүүн Сэлбийн хажууд орших Монполиметын 16 давхар барилгын 12 дугаар давхарт төвхнөжээ.

Гадна үүдний харуул үүргээ их сайн гүйцэтгэдэг, хариуцлагатай нэгэн байж таарлаа. Тэрбээр намайг хаана орох гэж явааг асуугаад “Одоо цайны цаг болж байна. Ихэнх хүн цайндаа гарсан шүү” гэж анхааруулав. Үнэхээр ч цахилгаан шатны хаалга нээгдэхэд дүүрэн залуус цувж гарна лээ. Тэдэнтэй зөрөөд л 12 давхрыг зорив. Утсаар ярьсан хүн алга байсан болохоор хүлээх хэрэг гарлаа. Тэнд дандаа залуучууд ажиллаж харагдсан юм. Гурван эгнээ зассан орчин үеийн тохилог ширээ сандал, шинэхэн компьютер, дэлгэцэн дээр тусах гэрэл, усны сав, хөнгөн зуушны хайрцаг гээд аргагүй XXI зууны өнгө төрхийг илэрхийлсэн, минимал амьдралын өнгө төрх. Ихэнх нь эзгүй байх ширээг харж суухад редакцийнхан ажлынхаа үүрэг чиглэлийг аваад хэдийнэ гарч одсон нь тодорхой.

“GoGo.mn” сайт 2007 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Эднийх редакцийн бодлогоо нээлттэй, ил тод тавьсан анхны хэвлэл мэдээллийн байгууллага. Мөн хоёр жилийн өмнө ISO-ийн дэргэдэх “ISAS Media” олон улсын стандартыг нэвтрүүлсэн Монголын анхны хэвлэлийн байгууллага болсон байна. Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг зөвхөн мэдээ бичихээс гадна олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжилт авч ажилладаг. Ингэж ажиллахад “ISAS Me­dia” стандартыг нэвтрүүлсэн байх нь давуу тал болдог байна.

Тус сайтын нэг өдрийн ажил өглөө бүр 9:10 цагаас шуурхай хурал хийснээр эхэлдэг байна. Энэхүү хурал ойролцоогоор 40-50 минут үргэлжилдэг. Хурлаар тухайн өдөр бэлтгэх мэдээ мэдээллийнхээ талаар ярихаас гадна төсөл хөтөлбөрүүд дээр ажилладаг болохоор төслийнхөө явцын тухай, мөн маргааш, нөгөөдрийнхөө төлөвлөгөөг ярилцаж тодорхойлдог ажээ.


Сэтгүүлч А.Эрхэмбаяр: Цор ганц давуу тал бол мэдээллийн баталгаатай эх сурвалж, найдвартай мэдээлэл

“Gogo.mn” сайтын маркетинг хариуцсан сэтгүүлч А.Эрхэмбаяр ийн ярьж байна.

-“Gogo.mn” сайтад дадлага хийж байхдаа ажиллах урилга аваад ажиллаж эхэлсэн. Сэтгүүлчээр ажиллаж байгаад нэг жил хагасын өмнөөс маркетингийг хариуцдаг болсон. Одоо сайтынхаа өдөр тутмын орлого, зарлага, маркетингтай холбоотой үйл ажиллагааг хариуцахаас гадна спортын мэдээ, мэдээлэл бичдэг.

-Танай сайт хэчнээн дагагчтай вэ. мөн танай мэдээ, мэдээллүүдийн үзэлт, хандалт хэр байна вэ?

-Манай фэйсбүүк хуудас 600 мянга гаруй дагагчтай. Сайтын өдрийн нийт хандалт 400-800 мянгын хооронд хэлбэлздэг.

-Маркетингаа сайжруулах тал дээр бодож, төлөвлөж байгаа зүйл юу байна вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд сошиал хандалт хөөсөн сайт, пэйжүүдээс ялгарах цор ганц давуу тал бол мэдээж мэдээллийн баталгаатай эх сурвалж, найдвартай мэдээлэл. Бид уншигчдын итгэлийг олох сайн боловсруулагдсан мэдээ, нийтлэл бэлтгэхэд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байна. Олон улсын хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл маш бага болчихсон нь сошиалтай холбоотой. Бид сошиалыг хурдаараа гүйцэхгүй нь ойлгомжтой. Тиймээс илүү найдвартай, баталгаатай эх сурвалжийн мэдээ бэлтгэх тал дээр анхааран ажиллаж байна.

-Өөрсдийн хөндсөн сэдвээ эргэж сурвалжилдаг уу?

-Сэтгүүлчид болон ажилчид тухайн өдөрт хийсэн ажлаараа өдрийн тайлан хийдэг. Мөн долоо хоногийн хугацаанд хийсэн ажлаараа долоо хоногийн тайлан хийдэг. Тухайн ажилтны хийсэн ажлыг бичсэн тайлангаар нь үнэлж, дүгнэдэг. Хагас жил тутамд бид KPI тайлан гаргадаг. Энэ тайланд сэтгүүлчид хагас жилийн хугацаанд юу хийсэн тухайгаа бичдэг. Бид хагас жил болгоны эхэнд төлөвлөгөө гаргадаг. Энэ төлөвлөгөөндөө хүрсэн эсэхээ үнэлдэг юм.


“GoGo.mn” сайтын гэрэл зурагчин Г.Өнөболд: Миний дарсан зурагнаас өнгөрсөн үеийн түүх харагддаг байгаасай гэж хүсдэг

– “GoGo.mn” сайттай холбогдсон түүхээс хуваалцаж болох уу?

-Би гэрэл зургийн MPA агентлагт 5-6 жил ажилласан юм. Ингээд байраа сэлгэе, өөрийгөө хөгжүүлье, медиа бэлтгэхэд суралцъя гэж шийдээд 2021 оны зургадугаар сард “Gogo.mn” сайтад ажилд орсон.

-Энэ сонголтондоо хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Бүх зүйл нь тодорхой, гурван зураглаач нь хийх ёстой юмаа яг л хийдэг, ажлуудаа жигд хуваарилж авдаг, зохион байгуулалт сайтай болохоор их амар байдаг.

-Гэрэл зургийн тухайд зарим хүн хоббигоо болгон хөгжүүлээд явдаг бол зарим нь үүнийг хийж л би хоолоо олж иднэ гээд мэргэшээд, ажилладаг. Таны хувьд?

-Би зурагчин л болно гэж тийм ч ихээр хүсч байгаагүй. Азаар гэх үү, тохиолдлоор гэх үү “inet.mn” анхны фото сайтад ажилладаг ах маань намайг “Чи зураг авч үзэх үү?” гэж дуудахад нь очиж байсан. Зураг авч сурах тусам сонирхолтой санагдаж байсан. Гэрэл зургийн салбарт 1-2 жил ажиллаад энэ чиглэлээр л явах юм байна гэж шийдээд зурагчин болсон.

-Гэрэл зургаар дамжуулан баримтууд түүх болж үлддэг. та ажил мэргэжлээрээ бахархдаг уу?

-Тийм ээ, бахархдаг. Өөрөөрөө биш, өмнөх үеийнхээ гэрэл зурагчдаар маш их бахархдаг. Түүхэнд үлдсэн гэрэл зургуудийг авсан зурагчнаар бахархаж явдаг. Сүүлд С.Цацралт ахын үзэсгэлэн дээр урьд өмнө нь хэний ч ил гаргаж байгаагүй зурагнуудыг очоод харахад тэнд С.Зориг агсны хөрөг зураг байсан. Тэр надад үнэхээр гүн сэтгэгдэл үлдээсэн. С.Зориг агсны хөрөг зураг бол түүнийг гишүүн байх үед нь өрөөнд нь ороод дарсан энгийн зураг. Ирээдүйд 30-40 жилийн өмнө амьдрал ийм байсан шүү гэдгийг харуулах баримт бол гэрэл зураг. Тийм ч учраас гоё сайхныг хөөхөөс илүүтэйгээр аль болох баримтат зураг авахыг чухалчилдаг. Миний дарсан зурагнаас өнгөрсөн үеийн түүх харагддаг байгаасай гэж хүсдэг.

-Гэрэл зургийг уншиж болдог ч тухайн зурагчны харах өнцөг их чухал гэдэг юм билээ?

-Гэрэл зургийг унших хэд хэдэн арга байдаг. Гэрэл зурагчид тус тусдаа арга барилтай. Зургийн аппаратны дурандаа юуг багтаах нь зохиомжтой холбоотой. Нэг зураг мянган үгийг орлоно гэдэг үг байдаг. Үүнийг л харуулахыг хичээж ажилладаг.


"GoGo.mn” сайтын сэтгүүлч, орчуулагч А.Номин: Өдөр бүр шинэ зүйл суралцдагтаа баяртай байдаг

-Энэ сайтыг сонгож ажиллах болсон шалтгаан тань юу байсан бэ?

-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөөд анхны ажлын гараагаа эндээс эхэлсэн. Сургуулиа төгсөхөөс өмнө Монголын томоохон сайтуудыг судалж байсан юм. Мэдээллийн сайтууд дотроо тэргүүлэх сайтуудын нэг, мөн салбартаа хөлөө олчихсон гэдэг утгаар нь сонгосон. Анх ажилд орохдоо өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй, юутай ч анкетаа өгч үзье гээд тэнцээд 2023 оны зургадугаар сараас ажиллаж эхэлсэн. Анхны ажлаа энэ том редакциас эхлээд, туршлагатай хүмүүсээр заалгаж зөвлүүлээд явж байгаа болохоор баяртай байдаг. Би энд ажиллаад хэдэн сарын хугацаа өнгөрсөн хэдий ч өдөр бүр шинэ зүйл суралцдаг. Мөн хамтран ажиллаж байгаа “Монгол контент”-ын ажилчдаасаа олон зүйлийг суралцдаг болохоор энд ажилд орсондоо маш их баяртай байдаг.

-Ямар хэлнээс орчуулга хийдэг вэ?

-Би англи, солонгос хэлтэй. Тийм болохоор ихэвчлэн англи, солонгос хэл дээрх баталгаат эх сурвалжаас мэдээллүүдээ орчуулдаг. Гадаад мэдээний сэтгүүлч учраас дэлхийн мэдээ орчуулахаас гадна хааяа үйл явдлын мэдээ, нийгмийн сэдвүүдээр бичдэг.

-Мэдээллийн баталгаатай байх үндэс эх сурвалж чанартай байх явдал. үүнтэй санал нийлэх үү?

-Нийлнэ. Би ажлынхаа хажуугаар гадаад мэдээ бэлтгэдэг сэтгүүлчдийг чадавхжуулах сургалтуудад хамрагдаад явж байгаа. Эх сурвалжийн найдвартай, тэнцвэртэй байдал маш чухал учраас мэдлэгээ улам гүнзгийрүүлэхийн тулд суралцаж байгаа.

-Танай хамт олон хэр нийтэч вэ?

-Үнэхээр нийтэч. Бүгдээрээ 09:10 цагт студидээ орж ирээд өглөөний шуурхайгаа хийдэг. Нэг нь санаа хэлэхэд бусад нь баяжуулж өгдөг болохоор дэмтэй байдаг.

-Одооны залуучууд уншихаа больчихсон. Сэтгүүлч хүн бол заавал унших ёстой. уншсаныхаа хэрээр мэдээлэл авах ёстой. авсан мэдээллээ боловсруулах ёстой. Боловсруулсан мэдээллээ баримт болгож ашиглана шүү дээ. Чи хэр уншдаг залуу сэтгүүлч вэ?

-Унших зүйл их байдаг. Орчуулж байгаа мэдээгээ өөрөө ойлгож байж уншигчдадаа илүү сайн тайлбарлах боломжтой болдог. Нэг мэдээ орчуулахын тулд заавал 2-3 эх сурвалжаар батлах шаардлагатай болдог. Өглөө яаралтай мэдээ материал бичих шаардлагагүй үед гүн гүнзгий уншиж судалдаг. Өөрөө мэдэгдэхүүнтэй байж хүмүүст мэдээлэл хүргэх учраас тасралтгүй унших нь зүйтэй гэж боддог.


“GoGo.mn” сайтын редактор Б.Эрдэнэчимэг: Үнэн гэсэн итгэл үнэмшлийг бий болгож чадсан сайт

-17 жилийн түүхтэй “GoGo.mn” сайтын нэг эд эс болоод хэр удаж байна вэ?

-11 дэх жилдээ ажиллаж байна.

-Танай сайтын онцлог юу вэ?

-“GoGo.mn” сайтад гарсан бол үнэн гэсэн итгэл үнэмшлийг бий болгож чадсан сайт. Нэгдүгээрт, бид хамгийн түрүүнд мэдээлэхийг чухалчилдаггүй. Шуурхай байх нь сайтын нэг онцлог мөн хэдий ч эрсдэл дагуулдаг учраас үнэн эсэхийг нь баталгаажуулсны дараа нийтэлнэ гэсэн зарчим баримталдаг. Авлигатай тэмцэх газар /АТГ/ иргэдээс таны хамгийн найддаг эх сурвалж юу вэ гэсэн судалгааны үр дүнд сайтууд болон хэвлэмэл мэдээллийн хэрэгслүүдээс манай сайт тэргүүлсэн байсан нь үүний баталгаа.

-11 жилийн хугацаанд ямар сэдвээр голлон бичиж байсан бэ. хэр хөрвөх чадвартай сэтгүүлч вэ?

-Телевизэд олон жил ажилласан учраас маш сайн ярьж сурсан. Сайтад ажилд ороод их гологдсон, хурд муу байсан. Ингээд дунд нь орж ажиллаад одоо гүйцчихсэн гэж харж байгаа. Би улс төрөөс бусад сэдвээр бичдэг байсан. Энд 2013 онд ажилд ороод редактораар ажиллаж байгаад 2014 оноос хойш эдийн засгийн мэдээ, ярилцлага, сурвалжилга түлхүү бичиж байна.

-Төсвийн тодотгол алдагдалтай гараад байгаа юм шиг санагддаг. энэ засагдах боломж бий юү?

-Төсвөө тодотгоогүй ганцхан жил байдаг. 2023 он. Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улс ардчилсан хувьсгалаас хойш төсвөө тодотгоогүй анхны жил боллоо” гэж бахархалтайгаар ярьж байсан. Бид Сангийн яам, УИХ, Монголбанкнаас гарч буй эдийн засагтай холбоотой шийдвэрүүдийг шүүмжлэх үед нь шүүмжлээд, магтах үед нь магтаад яг бодитоор нь бичихийг эрмэлздэг, бичсээр ч байгаа.

-Улсын төсвийг эргэж хөрвөдөг, ашиг нь орж ирэх зүйлсэд зарцуулж болдоггүй хэрэг үү?

-Ардчилсан нам 2012-2016 оны хооронд засаг барихдаа авто замд маш их ач холбогдол өгсөн. Харамсалтай нь АН-ын бүлгийн дарга байсан хүний хувийн компани авто зам тавих тендерийг аваад будлиантуулсан хэрэг гарсан. Дараа нь 2016 онд МАН засаг барьсан. Тэгэхэд УИХ-ын зарим гишүүд өлгөж аваад АН-ынхан руу дайрдаг, шүүмжилдэг нэг сэдэв байсан.

Гэтэл ирэх дөрвөн жилд 4400 км зам барина гээд зарлачихлаа шүү дээ. Жилд ойролцоогоор 1100 км зам тавина гэсэн үг. Энэ бол АН засаг барихдаа тавьсан замаас ч урт зам. Өнгөрсөн сард Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс санаачлаад Сангийн яамтай хамтраад авто замын төсөл дээр хэлэлцүүлэг хийсэн. Энэ хэлэлцүүлэгт Сангийн сайд, Л.Гантөмөр сайд, замын компанийн төлөөлөл, замчдын холбооны төлөөлөл оролцсон. Ингэхэд замчид нь бид жилд 600 км зам барих хүчин чадалтай. Тэгэхээр үлдсэн 500 км замыг нь хэн барих вэ. Хятадууд орж ирж барина гэдэг нь ойлгомжтой болж байна.


“Gogo.mn” сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн: Сайтууд дотроо тэргүүн эгнээнд байгаа гэж харж байна

-Өнөөгийн байдлаар “GoGo.mn” сайт монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс аль эгнээнд нь явж байна гэж дүгнэх вэ?

-Сайтуудын хүрээнд харвал харьцангуй урдуур явж байгаа гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгааг харахад бидний эзлэх байр маш хурдан солигдож байна. Өмнө нь тогтмол нэг юм уу, хоёрт байдаг байсан бол одоо эхний гурван байранд байнга хэлбэлздэг болчихсон. Сайтууд дотроо тэргүүн эгнээнд байгаа гэж харж байна.

-Танай сайтыг хөөсрүүлэхгүйгээр авч үлдэж чадаж байгаа зүйлийг уншигчдын тань итгэл үнэмшил гэж харж байна?

-Олон хэвлэл мэдээллийн байгууллага байхын хэрээр хэн түрүүлж мэдээлсэн бэ гэдэг нь чухал болчихлоо шүү дээ. Гэтэл түрүүлж гаргах нь чухал юм уу, бодит мэдээллийг гаргах нь чухал юм уу гэдэг нь нэгдүгээрт байх ёстой. Хурдан шуурхай байхаас илүү бодит байдалд нийцсэн эсэхийг тодруулсны дараа мэдээллийг түгээнэ гэдэг зарчмыг бид редакцийн бодлогодоо тусгасан. Сайт юм чинь хурдны хойноос мэдээж явдаг. Гэхдээ хурдан байхаас илүү үнэн байхыг чухалчилдаг. Цаашдаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд олон сайн туршлага гарч хүмүүс хэвлэл мэдээлэлд улам их итгэдэг болно гэдэгт итгэлтэй байна.

-Мэдээллийн өнцгийг ялгаж салгах үнэлэмж танай сайтын хувьд юу вэ?

-Олон нийтэд энэ мэдээлэл яагаад чухал вэ гэдгийг хамгийн түрүүнд авч үздэг. Бид аль нэг чиглэлээр дагнаагүй төрөлжсөн байдлаар бичиж байгаа учраас мэдээллийн урсгал тасралтгүй явагдаж байгаа. Тасралтгүй мэдээллийн урсгал дунд олон нийтэд эндээс юу нь чухал вэ гэдгийг л хамгийн эхний шалгуураа болгодог. Манайд редакцийн бодлого, өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх журам, ажлын заавар гэх мэт нэлээн олон бичиг баримт байдаг. Энэ бичиг баримтынхаа дагуу шалгуур тавьж ажилладаг.

-Редакцийн бодлогоо олон нийтэд ил тавина гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Манай сайтад өдөрт дунджаар 50-60 мэдээ ордог. Энэ дунд төлбөртэй зар сурталчилгаа ч багтаж байгаа. Сайтад орж байгаа мэдээ бүр ямар үндэслэлээр бичигдэж байгаа нь уншигчдад сонин байдаг. Үүнийгээ олон нийтэд зарлавал хүмүүсийн итгэл үнэмшлийг бий болгож байна гэсэн үг. Редакцийн бодлого бол уншигчдад өгч байгаа бидний хүрээ хязгаар. Олон нийтэд бодлогоо харуулах нь нэг талаараа амлалтын шинж чанартай.

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэр боловсруулагдсан хууль гэж хардаг вэ?

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль өнгөрсөн хугацаанд үүргээ гүйцэтгэж ирсэн. Ганц нэг өөрчлөх ёстой заалт байж магадгүй. Гэхдээ нарийвчлах тусам сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын хөл гарыг боох учраас хэтэрхий нарийвчлах шаардлагагүй гэж үзэж байна. Аливаа мэдээ, материалыг баталгаажуулахаас нааш олон нийтэд цацахгүй байх ёстой. Жижигхэн үг үсгийн алдаа гаргавал бидэнд төдийгүй үр дагавар хүртэж байгаа хүмүүстээ хортой учраас хянамгай хандах хэрэгтэй гэж боддог.

-Монголын сэтгүүл зүйн ирээдүйг яаж харж байна вэ?

-Монголын төдийгүй сэтгүүл зүйн ирээдүйг сайн сайхнаар харж байгаа. Мэдээж даван туулах ёстой даваа гүвээ гарч ирнэ. Түүнийг сайн даван туулж чадвал бидэнд туршлага болно шүү дээ. Сэтгүүлчдийн, хэвлэл мэдээллийн нэр хүнд нэг үеэ бодвол унаж байгаа. Өмнө нь мэргэжлээ бахархаад ярьдаг байсан бол одоо заримдаа үнэхээр хэцүү байна. Сошиал хэчнээн хөгжсөн ч сэтгүүлчийн хийж байгаа зүйлийг хийж чадахгүй. Одоо олон редакци байгаа нь нэг талаараа үнэхээр төвөгтэй байна. Нэгнийхээ дээр гарах гэсэн өрсөлдөөнөөс болж бид алдаа гаргаж байна. Хоёрдугаарт, боловсон хүчин тарамдаж байна. Хэрэв манай сайтад 20-30 сэтгүүлч зэрэгцээд ажиллавал үр дүн ямар байх вэ гэдэг тодорхой шүү дээ. Манай нийгэм массаараа хэвлэл мэдээллийг үнэгүй харж байна. Нэг тоглолт боллоо гэхэд тоглолтын тасалбар өгөөд л мэдээгээ үнэгүй гаргуулах гэх мэт. Бид мөнгөтэй, сайн тоног төхөөрөмжтэй байвал сэтгүүлчдээ найман цагаар ажиллуулаад хангалттай цалин хангамж өгч байвал хөгжинө шүү дээ. Тэгэхгүй бол цаг наргүй ажиллуулчихаад жаахан цалин өгөөд байвал сэтгүүлчид аль илүү цалинтай салбар луу яваад сайн сэтгүүлчид алга болно. Хүний нөөцөө барьж үлдэх, чанартай, даацтай материал хийхийн тулд бид өөрсдийнхөө үнэлэмжийг л нэмэгдүүлэх хэрэгтэй.

Сүүлийн үед хараагүй том редакцийг энд харснаа хэлэх хэрэгтэй. Тус сайт одоогоор 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.