Өнөөдрийн улс төр: Х.Булгантуяа дэд даргаас огцорсон ч гишүүний бүрэн эрхтэйгээ үлдлээ

unnu.news
3 өдрийн өмнө

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаас хамгийн анхаарал татсан нь Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулах тухай байлаа.

Х.Булгантуяагийн хувьд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг хэлэлцсэн чуулганы хуралдааныг даргалсан. Ингэхдээ УИХ-ын гишүүдийг яаралтай ирцээ бүрдүүл хэмээн шаардаж, индрээс нэрийг нь дуудаж байсан юм. Түүнчлэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлт буюу, "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүйг дэмжье" гэсэн саналын томъёоллоор санал хураасан. Ингэхэд гишүүдийн олонх дэмжээгүй тул Ерөнхий сайд Г.Занданшатар огцорсон юм.

Харин энэ процессыг Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр биш, шууд "Огцруулахыг дэмжих үү?" гэсэн агуулгаар санал хурааж, шийдэх ёстой байсан гэсэн юм.

Ийнхүү цэцийн тогтоол өөрөө "Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн" гэсэн үг, өгүүлбэртэйгээр гарсан юм. 

Тиймээс өнөөдөр Үндсэн хууль зөрчсөн асуудалд нь хариуцлага тооцох хүрээнд, Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас нь огцрууллаа. 

Харин Ардчилсан намын зарим гишүүд, тухайлбал Ж.Баярмаа, О.Амгаланбаатар, Д.Ганбат нар нэгэнт Үндсэн хууль зөрчсөн тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь ч түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв. 

Энэ дагуу, санал хураасан ч УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Иймд Х.Булгантуяа УИХ-ын дэд даргаас огцорч, УИХ-ын гишүүн хэвээр үлдэж байна. 

МАН-ын бүлгийн зүгээс дараагийн УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болсон. Түүний хувьд өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийг даргалж байсан юм. 

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.