Монголын аялал, жуулчлалын өөдрөг ба өөдгүй талууд

unnu.news
Б.Мичидмаа
2 сарын өмнө

Дэлхийн эдийн засгийн форумаас хоёр жил тутам бэлтгэн гаргадаг “Аялал жуулчлалын хөгжлийн индекс” /TTDI/-ийн тайланд Монгол Улс 119 орноос 85-рт жагслаа. Ингэхдээ нийт таван бүлэг бүхий 17 үзүүлэлтээр дүгнэж, 1-7 оноо өгсөн байна. Манай улсын хувьд нийт үзүүлэлтийн дунджаар 3.57 оноо авч 2019 оны эрэмбээс зургаан байраар ухарчээ. 


МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ДҮГНЭСЭН БЭ? 

  • Бизнесийн орчин - 3.37
  • Аюулгүй байдал ба хамгаалалт - 5.25
  • Эрүүл мэнд ба эрүүл ахуй - 5.70
  • Хүний нөөц ба хөдөлмөрийн зах зээл - 4.12
  • Мэдээлэл, харилцаа холбооны бэлэн байдал - 5.14
  • Аялал, жуулчлалын тэргүүлэх ач холбогдол - 4.65
  • Аялал, жуулчлалд нээлттэй байдал - 2.82
  • Үнийн өрсөлдөх чадвар - 5.47
  • Агаарын тээврийн дэд бүтэц - 2.14
  • Газар болон боомтын дэд бүтэц - 2.09
  • Аялал, жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээ - 2.55
  • Байгалийн нөөц - 3.25
  • Соёлын нөөц - 1.93
  • Амралт зугаалгын бус аялал, жуулчлалын нөөц - 1.31
  • Байгаль орчны тогтвортой байдал - 3.74
  • Аялал, жуулчлалын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө - 4.40
  • Аялал, жуулчлалын эрэлт, тогтвортой байдал - 2.84

ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН ЗҮЙЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ

  • Эрүүл мэнд ба эрүүл ахуй - 5.70
  • Ази номхон далайн дундаж - 4.53

Манай улсын хувьд эмнэлгийн үйлчилгээ, ариун цэврийн байгууламж хязгаарлагдмал байхаас гадна хүнсний аюулгүй байдлын асуудал үүсдэг. Нөгөө талаар хүн амын нягтаршил бага учир аялж, жуулчлахад халдварт өвчин зэрэг өвчлөлийн эрсдэл багатайгаас гадна цэвэр агаарт органик хүнсийг сонгон хэрэглэх боломжтой юм. 

ХАМГИЙН БАГА ОНОО АВСАН ЗҮЙЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ 

  • Амралт зугаалгын бус аялал жуулчлалын нөөц - 1.31
  • Ази, Номхон далайн дундаж - 3.24

Монголын өргөн уудам тал нутаг, нүүдэлчдийн амьдралын хэв маяг нь жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг ч томоохон хот, суурин, тэргүүлэгч их дээд сургуулиуд зэрэг амралт зугаалгын бус жуулчдыг татах хүчин зүйлс цөөн юм. 

Жишээ нь, Канадын Торонтогийн их сургууль жил бүр 20 мянга гаруй гадаад оюутныг элсүүлдэг. БНСУ-д өнгөрсөн оны байдлаар нэг сая гаруй гадаад хүн ажил хөдөлмөр эрхэлж байна.

  • Соёлын нөөц - 1.93
  • Ази номхон далайн бүс нутгийн дундаж - 3.01

Монгол орны соёлын баялаг өв, баяр наадам нь жуулчдыг сонирхлыг ихээр татдаг ч соёлын нөөцийг сурталчилж, хөгжүүлэх шаардлагатай юм.

ЭДГЭЭР ЗҮЙЛИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮЛСЭН ОРНУУД 


ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ /WEF/-ААС 17 ЗҮЙЛИЙН 102 ҮЗҮҮЛЭЛТЭЭС МОНГОЛ УЛСЫН ДАРААХ ХОЁР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ОНЦОЛЖЭЭ.

ITUC олон улсын эрхийн индексээр улс орнуудын ажилтнуудын эрхийг дээдэлсэн зэрэглэлд үндэслэн 1-5+ үнэлгээний хооронд хэмжсэн бөгөөд 1 нь хамгийн сайн бол, 5+ нь хамгийн муу үнэлгээ юм. Дээрх үзүүлэлтэд Монгол Улс “5” үнэлгээг авсан.

Монгол Улсад зочид буудлын нэг өдрийн дундаж үнэ - 83.80 ам.доллар /293 мянган төгрөг/

Дээрх үзүүлэлтийг улс орон бүрийн дунд болон дээд зэрэглэлийн зочид буудлын өрөөний дундаж үнийг тооцож үзсэн. 


Манай улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, өнгөрсөн онд нэг сая жуулчин хүлээн авах зорилтыг дэвшүүлсэн. Улмаар 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ. 

Түүнчлэн зорилтын хүрээнд жуулчдад чиглэсэн тусгайлсан хөтөлбөр гаргаж, Монгол Улсыг дэлхийд таниулах гадаад оронд сурталчилах цогц арга хэмжээг хэрэгжүүлж буй. Гэсэн ч салбарын хөгжлийг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтэц, аялал жуулчлалын нөөцөө сайжруулах нэн шаардлагатай юм.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.