Энэ жилийн шилдэг кинонууд | 98 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол
Chaptelly-тай хамтран 98 дахь удаагийн Академи Авардын “Шилдэг кино” төрөлд нэр дэвшиж буй 10 киног онцлон танилцуулж байна.
The Secret Agent 🇧🇷
“Awards Season”-ий үеэр дан ганц Hollywood-ийн бүтээлүүдээс гадна олон улсын кинонууд “ширүүн” өрсөлддөг. Харамсалтай нь, эдгээр киног манай улсад үзэх боломж цөөн. Харин “The Secret Agent” киног үзэх боломжийг “Улаанбаатар Олон Улсын Кино Наадам” олгосон юм.
“The Secret Agent” нь өнгөрсөн “UBIFF-н онцлох кинонуудын нэг байсан ба 1970-аад оны Бразил Улсын улс төрийн үймээнтэй үеийг өнгөлөг, сонирхолтой байдлаар харуулж чадсан.
Тус киноны хувьд нийт дөрвөн төрөлд нэр дэвшээд байгаа бөгөөд “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин”, “Шилдэг олон улсын кино” номинацийн хамгийн хүчтэй өрсөлдөгч.
Грек найруулагч Йоргос Лантимосын ээлжит бүтээл “Bugonia” нь 2003 онд нээлтээ хийсэн Өмнөд Солонгосын “Save the Green Planet!” киноны “remake” хувилбар юм.
Сонирхолтой нь гол дүрд тоглосон Эмма Стоун, найруулагч Йоргос Лантимос нар 2018 оны “The Favourite” киноноос хойш дараалан дөрөв дэх удаагаа хамтраад байгаа юм.
Эмма Стоуны хувьд Оскарт “The Favourite” киногоор “Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшиж, “Poor Things” киноны гол дүрээр ялалт байгуулсан удаатай.
“Bugonia” кино нийт дөрвөн төрөлд нэр дэвшээд байна.
Ах дүү Safdies-ийн хамтдаа найруулсан уран бүтээлүүд амьсгаа өгөхгүй дараалсан үйл явдал, түгшүүр, хурдан хэмнэлээрээ алдартай. Харин “Marty Supreme”-ийн хувьд яг тэр хэв маягаа хадгалж чадсан, сайн бүтээл болсон юм.
Сонирхолтой нь, өнгөрсөн жил ах дүүс тус тусдаа кино найруулсан бөгөөд хоёул спортын сэдэвтэй. Дүү Бенжамин Сафди нь “The Smashing Machine” киног найруулж, ах Жош Сафди нь “Marty Supreme”-ийг бүтээсэн.
“Marty Supreme” кино нь манайд кино театруудаар гарсан бөгөөд нэг үеэ бодоход бид NEON, A24 зэрэг “independent” кино компанийн бүтээлүүдийг цаг алдалгүй үзэх боломжтой болжээ.
Тус кино нь нийт есөн төрөлд нэр дэвшээд байна. Харин хамгийн хүчтэй өрсөлдөх төрлүүд нь “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол”, “Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эвлүүлэг” юм.
Стримингийн дайн эхэлснээс хойш байр сууриа огт алдаагүй Netflix энэ жилийн Оскарт олон бүтээлээр өрсөлдөж байгаа. Тэдний нэг нь “Train Dreams”.
Энэхүү киног 2011 онд хэвлэгдсэн ижил нэрт туужаас сэдэвлэн бүтээсэн ба Америкийн баруун хойд нутагт олон жил амьдарсан энгийн ажилчны нам гүм амьдралын тухай түүхэн драм. Нам гүм уур амьсгал, ой мод дундах үзэсгэлэнтэй зураг авалтууд нь “Train Dreams”-н хамгийн онцлох зүйл нь.
Тус кино нийт дөрвөн төрөлд нэр дэвшээд байна.
Жозеф Косински найруулагчийн гараагаа “Tron: Legacy” киногоор эхлүүлж түүнээс хойш нүд баясгам зураглал, нүсэр том action-г хамгийн сайн хийж чаддаг гэдгээ хэд хэдэн удаа батлан харуулсан. Үүний хамгийн сүүлийн жишээ нь F1.
Энэхүү бүтээл спорт драм жанрыг блокбастер хэв маягтай хослуулж, үзэгчийг огт уйдаахгүй найруулгаараа онцлог байсан төдийгүй нарийн төвөгтэй Formula 1-ийг мэдэхгүй хүн ч ойлгохоор харуулж чадсан юм.
F1-ийн хувьд манайд кино театруудаар гарсан төдийгүй заавал кино театрт үзэх ёстой бүтээл гэвэл F1-ийг л хэлэх болов уу.
Тус киноны хувьд нийт дөрвөн төрөлд нэр дэвшсэн ба киноны хамгийн онцлох зүйл Ханс Зиммерийн гайхалтай хөгжим огт нэр дэвшээгүй нь энэ жилийн хамгийн том “snub” байлаа.
Сүүлийн 10 жилд хамгийн хүчтэй гарч ирж байгаа шилдэг найруулагчдын нэг бол Райан Куглер. Тэрээр гэмт хэргээс эхлээд, спорт драм, супер баатар зэрэг олон төрлийн жанрыг сонирхолтой дүрүүдээр, нийгмийн шүүмжтэйгээр бүтээж чаддаг. Тэр дундаа “black culture”-г өөрийн бүтээлүүддээ хүчтэйгээр шингээдгээрээ онцлог.
Тэгвэл өнгөрсөн жил мөн адил манайд театруудаар гарсан “Sinners” киногоор готик horror, түүхэн драма, musical, action зэрэг олон жанрыг бүтээлчээр “genre-bending” хийж чаддаг гэдгээ харуулсан юм.
Энэхүү бүтээл нь нийт 16 төрөлд нэр дэвшиж, Оскарын түүхэн дээд рекордыг тогтоогоод байна. Нэр дэвшсэн төрөл бүрдээ хүчтэй өрсөлдөх нь гарцаагүй.
Энэ жилийн шилдэг кинонд өрсөлдөж буй кинонуудаас хамгийн үзэсгэлэнтэй, artistic, poetic бүтээл нь алдарт найруулагч Гильермо дель Торогийн “Frankenstein”. Тус кино нь мөн адил Netflix-ийн нэрэн дор өрсөлдөж буй бүтээлүүдийн нэг.
Мэри Шеллигийн классик готик зохиол “dark fantasy” бүтээлүүдээрээ алдартай Гильермотой огтлолцсон нь төгс зохицол болж, энэхүү гайхалтай бүтээл төрсөн юм.
Найруулагчийн гарын үсэг болсон практикал эффект бүхий мангас, сонирхолтой өвөрмөц продакшн дизайн энэ киноны хамгийн онцлох зүйл.
Тус киноны хувьд нийт есөн төрөлд нэр дэвшсэн ба “Шилдэг сэдэвлэсэн зохиол”, “Шилдэг продакшн дизайн”, “Шилдэг хувцас дизайн” төрлүүдэд хамгийн хүчтэй өрсөлдөх нь гарцаагүй.
Өнөө цагийн шилдэг эмэгтэй найруулагчдын нэг Клое Жао “Nomadland” киногоороо Оскарын түүхэнд “Шилдэг найруулагч” шагналыг авсан хоёр дахь эмэгтэй болж байсан түүхтэй. Харин энэ удаагийн “awards season”-ээр “Hamnet” киногоороо маш хүчтэй өрсөлдөж байна. Энэхүү киног Уильям Шекспир болон түүний эхнэрийн амьдралыг өгүүлсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн ба хагацал, уй гашуу, театрын урлагийг харуулсан гайхалтай бүтээл болж чадсан.
Харин киноны гол дүрүүдэд тоглосон Жесси Бакли, Пол Мескал, тэдний хүүгийн дүрд тоглосон Жакоби Жупе нарыг онцлох нь зүйтэй.
Тус киноны хувьд нийт найман төрөлд нэр дэвшсэн ба шагнал авах хамгийн өндөр магадлалтай төрөл нь “Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин” буюу жүжигчин Jessie Buckley.
Америкийн орчин цагийн кино найруулагчдын хамгийн том төлөөлөл Паул Томас Андерсон энэ удаагийн Оскарт “One Battle After Another” киногоороо өрсөлдөж байна.
Паул Томас Андерсоны кинонууд гэр бүлийн асуудал, капитализм, шунал гэх мэт сэдвээр дамжуулан Америкийн нийгмийг тольдон харуулдаг.
Харин энэ удаад “One Battle After Another” киногоор Америкт өнөө цагт тулгамдаад буй асуудлыг хөндөж, зогсолтгүй хурдан хэмнэлээр харуулж чаджээ. Энэхүү киноны хамгийн сүүлийн оргил “action” хэсэг маш өвөрмөц хийцтэй, шинэлэг байснаас гадна жүжигчдийг онцлох нь зүйтэй. Тэр дундаа жүжигчин Шон Пенний бүтээсэн дүр энэ жилийн Оскарын хамгийн шилдэг эсрэг дүр байлаа.
Тус кино нь нийт 13 төрөлд нэр дэвшсэн ба хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгд тооцогдоод байна.
Кино сонирхогчид Норвег уран бүтээлч Иоахим Триерийн “Oslo trilogy”-г хамгийн ихээр хайрлан үздэг. “Cult classic” ч гэж хэлж болно. Тэгвэл Иоахим Триер энэ удаад гэр бүлийн драм “Sentimental Value”-гаар хүчтэй өрсөлдөгчдийн нэгд тооцогдож байна.
Тус кинонд гэр бүлийн асуудал, тэр дундаа эцэг, хүүхдийн харилцаа, бага насанд үлдсэн сэтгэлийн шарх хэрхэн яаж нөлөөлдөг, хүнд хэцүү дурсамж зэрэг сэдвийг үзэгчдэд огт зовоолгүй мэдрүүлж, ойлгуулж чадсан.
Кино өнгөрсөн онд UBIFF-р монгол үзэгчдийн хүртээл болсон юм. Киноны хамгийн онцлох зүйл нь жүжигчид. Сонирхолтой нь, гол дүрд тоглосон дөрвөн жүжигчин бүгд Оскарт нэр дэвшээд байна.
Энэхүү бүтээл нь нийт есөн төрөлд нэр дэвшсэн ба “Шилдэг олон улсын кино”, жүжигчдийн төрлүүдэд хүчтэй өрсөлдөх нь гарцаагүй.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.