Та хамгийн сүүлд хэзээ эмэгтэй тамирчдын тэмцээн үзсэн бэ?

12 өдрийн өмнө

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар эмэгтэйчүүдийн спорт урьд өмнө байгаагүйгээр олон нийтийн анхаарлыг татах боллоо. 

Гэхдээ анхнаасаа яагаад спортод эмэгтэйчүүдийн оролцоо хязгаарлагдмал байсан юм бол?

Эртний Грекийн олимпын наадмууд зөвхөн эрэгтэйчүүдийн дунд болж, эмэгтэйчүүд оролцохыг хориглодог байсан нь тухайн үеийн жендэрийн хэвшмэл ойлголт, уламжлал зэрэгтэй шууд холбоотой.

Жендэрийн хэвшмэл ойлголтыг жишээгээр тайлбарлавал “Эмэгтэйчүүд дуулгавартай, бусдад таалагдахыг эрмэлздэг, халамжтай, гэнэн, зөөлөн байх ёстой учраас биеийн хүчний тэмцээнд оролцох нь зохимжгүй. Оронд нь гэр орны ажил хийж, үр хүүхэд өсгөх ёстой” гэсэн үзэл юм.

Тэгвэл спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоо хэрхэн хөгжиж ирснийг эргэн санацгаая 👉

Дэлхийн I, II дайны үед эрэгтэйчүүдийг олноор нь дайнд татсанаар бейсболын спорт цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж, “Америкийн Охидын Мэргэжлийн Бейсболын Лиг”-ийг байгуулсан*

Дайнаас гадна 20-р зууны дунд үеэс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, боловсролын хүртээмж сайжирч, тэдний нийгэмд эзлэх байр суурь нэмэгдсэнээр спортод ч аажмаар нөлөөлсөн юм.

Эмэгтэйчүүдийг марафонд оролцохыг хориглодог байх үед 20 настай оюутан Кэтрин Свитцер "K.V. Switzer" нэрээр Бостоны марафонд бүртгүүлж, марафонд оролцсон анхны эмэгтэй болсон түүхтэй. Уралдааны үеэр түүнийг замаас хөөх гэж оролдсон ч, найз залуу, дасгалжуулагч нар нь түүнийг хамгаалж, уралдаанаа дуусгаж чадсан.

Энэхүү үйл явдал нь эмэгтэйчүүдийн спортод тэгш эрхийн төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болж, Свитцер өөрийн "261" дугаарыг ашиглан "261 Fearless" нэртэй ашгийн бус байгууллага байгуулжээ.

Энэ үйл явдлаас тавхан жилийн дараа АНУ-д “Title IX” хуулийг баталж, үр дүнд нь коллежид өрсөлдөж буй эмэгтэй тамирчдын тоо 30 мянгаас 190 мянгад хүрч, ахлах сургуулиудад 295 мянгаас 2.8 сая болж ойролцоогоор 10 дахин нэмэгджээ. 

Түүнчлэн 🇨🇦 Канадад “Gender Equity in Sport” бодлогыг хэрэгжүүлж, 🇦🇺 Австралид “Women in Sport” санаачилгыг эхлүүлж, 🇬🇧 Их Британи “Sporting Future” стратегийг боловсруулсан зэрэг олон жишээ бий.

Ингэснээр эмэгтэйчүүд илүү олон төрлийн спортоор хичээллэх, сайн дасгалжуулагчтай болох, чанартай орчинд бэлтгэл хийх, спортын тэтгэлэг хүртэх зэрэг боломжоор хангагдаж олимп, дэлхийн тэмцээнд өрсөлдөх шинэ үеийн тамирчид төрөн гарсан.

Үүнийг батлах нэг статистик харуулъя 👉

Хэдхэн жилийн өмнө эмэгтэйчүүдийн спорт “сонирхолгүй” гэж тооцогддог байсан бол өнөөдөр судалгаагаар 10 хүн тутмын 7 нь эмэгтэйчүүдийн спорт тогтмол үздэг гэж хариулсан нь дэлхий даяар энэ ойлголт хэрхэн өөрчлөгдөж буйг харуулж байна. 

Үүнд хамгийн том түлхэц болсон хүчин зүйлсийн нэг нь ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ юм. 

Мөн эмэгтэй тамирчдад ногддог санхүүжилтийн хувь нэгээс бага байсан ч, энэ тоо 20%-д хүртэл өссөн бөгөөд "Nike", "Adidas", "Visa", "Coca-Cola" зэрэг дэлхийд алдартай брэнд эмэгтэй тамирчидтай гэрээ байгуулах болсон.

Эмэгтэйчүүдийн спорт дэлхий даяар хурдацтай хөгжиж, олон нийтийн анхаарлыг татаж байгаа энэ цаг үед Монгол Улс ч өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байна. 

Жишээлбэл, Монгол Улсад анх удаа эмэгтэй сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах "B" дивизоны зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн болсон нь Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээж буй явдал юм.

Гэвч энэ тэмцээн дунд эмэгтэй шигшээ багийг дэмжих оролцоо сул байгааг тэмдэглэж, Монголын шигшээ багийн тамирчин О.Хулан цахим хуудастаа

“Эрэгтэй шигшээ багаа дэмждэг шигээ эмэгтэй шигшээ багаа дэмжээрэй”

 гэж уриалжээ. 

Спортод эмэгтэй тамирчдын амжилтыг үнэлж, тэгш боломжоор хангах нь зөвхөн “эмэгтэйчүүд”-ийн асуудал гэж харахаас илүү нийт спорт сонирхогчдын, нийгмийн нийтлэг зорилго гэдгийг ойлгож, 

  • цаашлаад жендэрийн хэвшмэл ойлголтыг эвдэж, 
  • охид, эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл, 
  • манлайллын ур чадварыг хөгжүүлэхийн тулд ЭМЭГТЭЙ ТАМИРЧДАА ДЭМЖЬЕ.
0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.