Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаагийн дуусгаагүй бүтээл “Цэцэгнээс төрөгсөд” хэвлэгдэн гарлаа.
Түүнийг “Зөвхөн хайр” шүлгийн түүвэр, “Очир эрхшээгч” романаар нь уншигчид сайн мэднэ.
Зохиолч “Цэцэгнээс төрөгсөд” роман дээрээ 2017 оноос хойш ажилласан ч харамсалтай нь дуусгаж амжилгүй, 2024 онд тэнгэр болсон билээ.
Тэрээр уг романыхаа эхний хоёр бүлгийг бичжээ. Харин “Улбар” хэвлэлийн газраас зохиолчтой амьд ахуйд нь ярилцаж, тохиролцсоноо биелүүлэх хүрээнд “Цэцэгнээс төрөгсөд” романыг олон улсын практикт нийцүүлэн хэвлэсэн байна.
Тухайлбал, МУСГЗ, шинжлэх ухааны доктор, зохиолч Сономын Лочингийн “Бичвэр судлалын үндэс:“Шар тууж”-ийн түүхэн тойм” (2012), профессор Мэтью Ж. Көршэнбаумын “Track Changes: A Literary History of Word Processing (2016) бүтээлүүдийг удирдлага болгожээ.
“Улбар” хэвлэлийн газрын зүгээс,
-Зохиолч уг романаа аргын тооллоор 2017.03. 02-ны өдөр эхлүүлж, сар гаруйн дараа буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр зохиолч Б.Сарантуяа руу цахим зурвасаар илгээхдээ “...Энэ бүлэгт түүх орж ирж байгаа юм. Түүнээс хойшоо түүхээс тасарна. Тавдугаар бүлэгт эргээд түүх орж ирнэ. Энэ бүлэг их зовлонтой байна. Чи нэг сайн хараадах даа” хэмээжээ. Зохиолчид бие бие рүүгээ бичиж буй бүтээлээ харилцан илгээж санаа бодлоо хуваалцдаг байсан гэх ба уг зохиолын 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн хувилбар ийн бидэнд олдсон юм.
Мөн 2017.03.02-ноос наймдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 989 цаг 19 минут ажилласан хоёрдугаар хувилбар, түүнчлэн 2020 оны наймдугаар сарын 26-наас арванхоёрдугаар сарын 22-ныг хүртэл 1241 цаг 54 минут ажилласан засамжилсан хувилбар олдсон билээ. 2020 оны файлд “Цэцэгнээс төрөгсөд”-өөс гадна “Амитаба”(роман), “Хүннү”, “Модун хаан”(дэлгэцийн бүтээл) зэрэг дууссан болон дуусгаагүй эхүүд багтжээ.
Эдгээр гурван эхийг харьцуулсны үндсэн дээр энэ номд 2020 оны засамжилсан хувилбарыг үндсэн бичвэр болгон, төгсгөл хэсэгт 2017 оны хоёрдугаар хувилбарыг хавсаргасан болно. 2017 оны хоёр хувилбарын ялгаа нь зохиолч Б.Сарантуяад илгээснээс хойш нэмж бичсэн хэсгүүд байв. Харин 2020 оны засамжилсан хувилбарт зохиолын үүдэл санаа, зарим дүрийн нэр ба зорилго өөрчлөгдөж, зарим дүр хасагдаж, зохиолын үг хэллэг, найруулга чамбайрчээ. Тиймээс эдгээрийг хамтатган хэвлэх нь уншигчдад сонирхолтой, залуу зохиолчдод сургамжтай байх буй за” хэмээжээ.
Бүтээлд зохиолчийн нэгэн амьдралынхаа сэдэв, шугам болгосон буддын шашин ба монголчуудын түүхийн сэдэв шидэт, сонирхолтой хэлбэрээр илэрхийлэгдсэн байна.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.