Харшлын улирал эрт эхэлж байгаа юу?

unnu.news
Б.Мичидмаа
2 сарын өмнө

Таны биеийн бүтэц, царай төрх, арьсны онцлог, сонирхол, сонсдог дуу ямар ч байж болно. Гэхдээ дэлхий дээрх хүмүүсийг ердөө хоёр л хуваадаг. Энэ нь харшилтай болон харшилгүй хүн юм. 

Харшилтай хүмүүсийн хувьд хамрын цацлага, хайрцагтай эмийг үргэлж биедээ авч явахаас эхлээд хаврын улирлыг ч олигтой таашааж чадахгүй, хооллох бүрдээ цэс, найрлагыг нарийн шалгаж, шөнө бүрийг дутуу нойртой үддэг гээд олон бэрхшээлтэй.


Харшил нь төдийлөн өвчлөл, хор хөнөөл учруулдаггүй хүрээлэн буй орчин, гадна бодисын эсрэг хүний биеийн дархлалын тогтолцоо хариу урвал үзүүлснээр бий болдог. 

Дэлхийн Харшлын Байгууллага /WAO/, Европын харшлын нийгэмлэг /EAACI/-ийн мэдээлснээр дэлхийн нийт хүн амын 30-40% нь ямар нэг төрлийн харшилтай байдаг. Сүүлийн 60 жилийн хугацаанд харшилтай хүмүүсийн тоо жилээс жилд өсөж буй. Улмаар 2050 он гэхэд харшил дөрвөн тэрбум хүний амьдралд нөлөө үзүүлнэ гэх тооцооллыг Европын харшлын нийгэмлэг /EAACI/-ээс гаргасан. 

Түүнчлэн харшлын ринит буюу найтаах, хамар битүүрэх, загатнах хариу урвал бүхий харшлын хэлбэр нь дэлхийн нийт хүн амын дунд хамгийн түгээмэл байдаг. 

Манай улсын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай гэх үр дүн гарсан бөгөөд хамгийн түгээмэл нь ургамлын харшил юм. 

Арьс өвчин судлалын үндэсний төв /АӨСҮТ/-өөс тодорхойлсноор ургамлын харшил нь лууль, шарилж, өлөн тоос шороо болон бусад ямар нэгэн ургамлаас үүсэж, хамрын салст бүрхэвч нь гадна хүчин зүйлийн сэдэлтийг маш соргогоор хүлээн авч хариу урвал үзүүлж буй үзэгдэл аж.  

Ургамлын харшил нь жил бүрийн 4-9-р сард үргэлжилдэг бөгөөд энэ үеэс бусад үед эмчилгээ хийлгэх, сорил тавиулж, харшлаа тодорхойлуулахыг зөвлөжээ.


ХАРШИЛ ҮНЭХЭЭР ТОМ АСУУДАЛ ГЭЖ ҮҮ? 

Харшлын үр дагавар нь таагүй мэдрэмжээс гадна бие махбодын эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, өдөр тутмын үйл ажиллагаа, эдийн засгийн тогтвортой байдалд ихээхэн нөлөөлдөг. АНУ-ын эмийн жижиглэн худалдааны “Single Care”-ийн хийсэн судалгаагаар харшилтай хүмүүсийн 82% нь харшил үүсгэгчийн улмаас нойргүйдэх, сэтгэл санааны өөрчлөлттэй тулгарах, харшлын саруудад агаар, салхинд гарч чаддаггүйгээс үүдэж амьдралын чанарт нь сөргөөр нөлөөлдөг талаараа хуваалцжээ. 

Түүнчлэн харшил нь эдийн засгийн ачааллыг нэмэгдүүлдэг. АНУ-д зөвхөн хүүхдийн хоолны харшилд жилд 25 тэрбум ам.долларыг зарцуулдаг бол харшлын ринитийн эмчилгээний төлбөрт жилд 3.4 тэрбум ам.долларыг зарцуулдаг.


ХАРШИЛ ЭДГЭДЭГ ҮҮ?

Одоогоор харшлыг бүрэн эмчлэх арга байхгүй ч шинж тэмдгийг багасгах, удирдах боломжтой. Дэлхий дахинаа харшлын эм, эмчилгээг боловсронгуй болгох судалгааг тасралтгүй хийж буй. 

Түүнчлэн Арьс өвчин судлалын үндэсний төв /АӨСҮТ/-ийн зөвлөснөөр ургамлын тоос агаарт ихээр дэгддэг дараах цагт болон, бороо орсны дараа гадуур явахгүй байх, цонх хаалгаа битүүлж хаахыг зөвлөжээ. Ургамлын тоос нь хүний бие, хувцсан дээр наалддаг тул гадуур явсан үедээ шүршүүрт орох, ам хоолойгоо зайлах, хувцсаа тайлж далд шүүгээнд хийх хэрэгтэй юм. Мөн агаар цэвэршүүлэгчийг жилийн дөрвөн улирлын турш хэрэглэж элдэв тоосыг шүүж болно.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ҮҮДЭЖ ХАРШЛЫН ШИНЖ ТЭМДЭГ ИЛҮҮ ЭРТ ЭХЭЛЖ, УДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

АНУ-ын Шинжлэх ухааны академиас 1990-2018 оны ургамлын тоосонцрын мэдээлэлд хийсэн шинжилгээ хийжээ. Судалгааны үр дүнгээр сүүлийн жилүүдийг 1990 онтой харьцуулахад харшлын улирал дунджаар 20 орчим хоногийн өмнө эхэлдэг болсноос гадна ургамлын тоосонцрын агууламж 20%-аар нэмэгдсэн байна. 

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.