Монгол Улс дэлхийд анх удаа үнэт цаасны арилжааг блокчэйн ашиглан 24 цагаар явуулж эхэллээ
Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Монгол Улсын биржийн бус зах зээл (ББЗЗ)-ийн үнэт цаасны арилжаа нь ажлын өдөр 24 цаг тасралтгүй ажиллах горимд албан ёсоор шилжиж, дэлхийн санхүүгийн салбарын түүхэнд шинэ хуудас нээлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны Сэндбоксын орчинд 18 сарын турш амжилттай туршигдсан тус блокчэйн арилжааны систем нь 24/5 буюу ажлын таван өдөр 24 цаг тасралтгүй арилжаалах боломжийг олгож, төлбөр тооцоог автоматаар 1 минутын дотор шууд гүйцэтгэдэг онцлогтой.
Монгол Улс ББЗЗ-ийг блокчэйн технологид шилжүүлсэн тухайгаа 2025 оны 9 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод болсон “Mongolia’s Capital Market Connectivity 2025” олон улсын арга хэмжээний үеэр Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор зарлаж байсан билээ.
Харин өчигдрөөс (12.16) эхлэн ББЗЗ-ийн арилжаа нь 24 цагийн горимд шилжиж байгаа юм.ББЗЗ-ийн арилжаа блокчэйнд шилжсэнээс хойш 3 сарын хугацаанд хоёрдогч зах зээлийн арилжааны идэвх 40 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь төлбөр тооцоог цаг алдалгүй автоматаар гүйцэтгэдэг болсонтой холбоотой гэж үзэж байгаа бөгөөд 24/5 тасралтгүй арилжааны шинэ горимд шилжсэнээр зах зээлийн идэвх улам нэмэгдэх хүлээлттэй байна.
ББЗЗ-ын арилжааг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) удирдан зохион байгуулдаг ба технологийн хөгжүүлэлтийг Монголын финтек компани “АНД Глобал” групп амжилттай нэвтрүүлж, төлбөр тооцоог Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-тэй хамтран автоматжуулжээ.
Блокчэйн технологийг үнэт цаасны арилжаанд нэвтрүүлснээр Монгол Улс дотоодын хөрөнгийн зах зээлээ илүү үр ашигтай, аюулгүй болгоод зогсохгүй дэлхийн санхүүгийн инновацын чиг хандлагыг тодорхойлогч улсуудын нэг болох суурийг тавьж байна.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.