Х.Нямбаатарт зориулсан ҮДЭЛТИЙН ЗУРГААН ҮГ


Улаанбаатарчууд ингээд Х.Нямбаатар гэдэг хотын даргаас хагацлаа. Тэрбээр 2023 оны аравдугаар сард томилогдож байсан гэвэл гурван жил хүрэхгүй хугацаанд ажиллажээ.

Түүний талаар үдэлтийн үг бичихийн тулд эерэг, сөргийг тэнцүүлэх нь шударга болно.

1.    Х.Нямбаатарыг явуулснаар эрх баригчид Л.Оюун-Эрдэнийн фракцын сүүлчийн бэхлэлтийг нураалаа. Одоо тэдний фракц гэвэл УИХ-д суугаа, жагсаалтаас голдуу орж ирсэн залуу гишүүдээс бүрдэх юм. Ноднингоос хойш үргэлжилсэн МАН-ын хагарал Л.Оюун-Эрдэнэ нарын 80-аад оны залуусын фракцыг 70-аад оны ах нарын фракцаар солих чиглэлд хэрэгжиж, гол хүч нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гарсан. Ерөнхий сайдаас Л.Оюун-Эрдэнэ өөрөө, УИХ-ын даргаас Д.Амарбаясгалан буусан бол сүүлийн жилүүдэд хамгийн их мөнгө, төсөл хөтөлбөр төвлөрч байгаа Нийслэлийн Засаг даргаас ийнхүү Х.Нямбаатарыг явуулж чадлаа.

2.    Гурван жил хүрэхгүй хугацаанд Х.Нямбаатар Нийслэл дээр бонд босгон улсын төсөв горьдолгүй өөрсдөө томоохон төслүүдээ хөдөлгөж чаддаг санхүүгийн чадамж дээр аваачсан. Өдгөө Нийслэлийн дансанд 2.5 их наяд төгрөг байна. ТҮЦ-үүдийг буулгахаас авхуулаад өмнөх Засаг дарга нарын зориглож чадаагүй ажлуудад хөл гараа дүрсэн. Туулын хурдны зам, метро, дүүжин тээвэр, хөнгөн галт тэргийн ажлууд нь хэдийнэ эхэлчихсэн, хөрөнгө мөнгөө татаж, тендерээ шалгаруулсан. Түгжрэл бууруулах шийдлүүдийг ийн эхлүүлж, шинэ түлш үйлдвэрлэхээс гадна гэр хорооллыг үе шаттай хийн түлшинд холбох ажлыг эхлүүлэн агаарын бохирдолтой тэмцсэн. 2024 оны сонгуулийн өмнө газраа чөлөөлж байсан гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ дэд төв”-ийн 20 мянган айлын төсөл ашиглалтад ороход бараг бэлэн болж байх жишээтэй. Тэр магтагсдынхаа хэлдгээр ажилсаг нь үнэн, ажлын төлөө муйхарлан зүтгэдэг нь худлаа биш байсан гэдгийг тэмдэглэх ёстой.

3.    Ерөнхийдөө Х.Нямбаатар ажлаа муу хийсэн учраас чөлөөлөгдөж байгаа юм биш. Харин олон нийтэд, залуу үед таалагддагүй имиж дээр нь эрх баригч намын хагарал, улстөржилт нэрмэсэн хэрэг. Наад зах нь эхлээд Туулын хурдны зам дээр унагах гэж үзсэн ч АТГ-аас шалгаад юм олдоогүй, төсөл өөрөө түгжрэл бууруулна гэдэг нь олон улсын байгууллагаар тогтоогдчихсон байж таарав. Ингээд “Сэлбэ дэд төв”-ийнх нь санхүүжилтийг УИХ дээр зогсоож нэг үзсэн. Л.Оюун-Эрдэнэ дээр хэрэгжсэн шиг хүүхдийнх нь тансаг хэрэглээ, өмсдөг зүүдэг зүйлсийнх нь талаар сошиалд сэвж бас үзсэн. Сүүлдээ махны үнийн өсөлтөд буруутгаж, тэр оройдоо чөлөөлсөн явдал дээрх бүгдийг бататгаж байгаа юм.

4.    Түүний алдаа бол түүний мэдрэмжгүй байдал. Түүнээс хүний эрхийн мэдрэмж, наад захын соёл боловсрол харагддаггүй. Сэтгүүлчийн асуултад сөргөж хариулна, шантаажчин гэж хочилно. Туулын хурдны замын асуудал үүсэхэд өөрөө жагсаал санаачлан удирдаж, “Бүгдээрээ бүллидмээр байна” хэмээн хашгирч явсан. Эдгээр нь нийгэмд, тэр дундаа залуу үед таалагддаггүй. Үүний дээр Л.Оюун-Эрдэнийн анд нөхөр, улс төрийн хамтрагч, үеэл нь гэдгээр нэр муутай. Бас коммунист хэв шинж бодлогоос нь анзаарагдаж байдаг. Нэг талаас тартагтаа тулсан Улаанбаатарын амьдралд захиргаадалтын хэв маяг хэрэгтэй, дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын дүрэм журмын дэргэд Улаанбаатар харьцангуй чөлөөтэй ч гэлээ татвар нэмэх, хорих, цагдах, хязгаарлах арга хэмжээнд Х.Нямбаатар дуртай нь шүүмжлэл хүлээж байв.

5.    Н.Учрал богино хугацаанд намын дарга, УИХ-ын дарга, эцэст нь Ерөнхий сайд болсны цаана ерөөс намд үүссэн фракцын хагарлыг нэг тийш болгох гол даалгавар оршиж байсан. Яах аргагүй Нийслэл бол Х.Нямбаатарын үед маш том бүтэц болж өргөжсөн. Маш том мөнгө эргэлддэг болсон. Дээр нь Нийслэлийн МАН-ын хороо гэдэг улс төрийн бүтэц бас түүнийх. Тийм учраас Н.Учрал наанаа махны үнээр шалтгаалж Х.Нямбаатарыг чөлөөлж байгаа нь цаад хэрэгтээ, ялж байгаа фракцаа Нийслэл дээр ч бас гаргаж ирэх удаан хугацаанд хүлээгдсэн зорилт юм.

6.    Үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн фракц ирэх сонгууль хүртэл ямар улс төр хийх нь анхаарал татан үлдэж байна. Одоо Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга бүгдээрээ МАН-ын нэг фракцын мэдэлд очлоо. Тэд эрх мэдэл булаалдаж байгаа болохоор нэгнээ огцруулж, чөлөөлж байгаа. Харин хэн нэгэнд шударгаар ажлын хариуцлага тооцож буй хэрэг биш, энэ намд тэгсэн түүх байхгүй.

Нянбактер гэж дуудуулсаар Х.Нямбаатар ажлаа өглөө. Хуулийн дагуу 15 хоногийн дотор НИТХ дараагийн хотын даргыг нэр дэвшүүлэх учиртай.

Х.Нямбаатарын хувьд чөлөөлөгдсөнөө мэдээд “Н.Учралтай уушгины гурван судсаа тасартал тэмцэнэ” гэж хэлсэн. Яруу найрагч Р.Чойном нэгэнтээ “Уушгины гурван судсаа тасартал дуулна” хэмээн шүлэглэж байсан юм. Уушгинд артер, вен, бронхийн гэж гурван гол судас байдаг нь үнэн. Эдгээр нь тасарвал хүн амьсгалах боломжгүй болно, эд эс хүчилтөрөгчөөр тэжээгдэхээ байна, нэг ёсондоо үхнэ гэсэн үг. Тэгэхээр Х.Нямбаатар үхэн үхтлээ тэмцэнэ хэмээн мэдэгдсэн болж таарч байна.

Одоогоор НИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх Х.Нямбаатарын талд буй учраас шинэ хотын даргыг нэр дэвшүүлэх процесс дээр тодорхой гацаа, улс төр үүсэхийг үгүйсгэх газаргүй болж таарлаа.

Үзэл бодлууд өөрчлөгдөж, үнэн л тодорч үлддэг. Үүнд цаг хугацаа хэрэгтэй. Одоо Х.Нямбаатар уушгины гурван судсаа тасрах хүртэл цаг хугацааны шүүлтэд орохоос гадна улс төрийн тэмцэл хийх юм байна. Нөөцийн махыг зориуд худалдаанд гаргалгүй дарж, махны үнийг өсгөж, Засгийн газрын эсрэг акц зохион байгуулсан байж болзошгүй үндэслэл ч сөхөгдөж байгаагаас харахад Х.Нямбаатар эрх мэдлээ дандаа зөвөөр ашиглаж байсан уу гэвэл үгүй байх магадтай.

Л.Оюун-Эрдэнэ дээр ч, Х.Нямбаатар дээр ч ижил ажиглагдаж байгаа нэг зүйл бол, тэд тасартлаа вакуумжсан, олон нийтийн уур амьсгалыг мэдрэхээ байсан, ерөнхийдөө “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ?” гэдэг дээр очсон, “Шийдсэн хүүхэн” болцгоосон. Тэгж аливаа зүйлийн тун хэмжээ тодорхой хэмжээнд алдагдаад ирэхээр хувь тавилан эргэдэг ажээ. Гэхдээ энэ эргэлт Н.Учрал нар дээр ч бас, цаашлаад МАН дээр ирнэ, сонгуулиар ард түмэн дүнгээ тавина.

Баяртай, Х.Нямбаатар дарга аа!

1
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.