ТАНИЛЦ: Туулын хурдны замтай холбоотой 10 асуулт, 6 шүүмжлэл

Долоо хоногийн турш олон нийтийн анхаарлыг хамгийн их татаад байгаа Туулын хурдны замын төслийн асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг авч хэлэлцлээ. Ингэхдээ Дэгийн тухай хуулийн дагуу нээлттэй сонсгол зохион байгуулж, төсөл эсэргүүцэж буй иргэдийн төлөөллийн асуултад холбогдох төрийн албаны хүмүүсээс хариулт авлаа. Хуралдаан нийт 5 цаг 30 минут үргэлжлэхэд тодорхойгүй асуудлууд үлдсэн ч ерөнхий дүр зураг тодрон гарч ирсэн юм.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар сонсголд дуудагдсан ч ирээгүй. Түүний оронд Нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар асуултад хариулсан. Түүнчлэн БОУАӨЯ, Усны газар зэрэг төрийн байгууллага, иргэний хөдөлгөөн бүхий 54 хүн сонсголд оролцсон.

Ингээд нээлттэй сонсголын хүрээнд тавигдсан гол асуулт, тэдгээрт өгсөн Т.Даваадалай, Б.Одбаяр нарын хариултыг тоймлон хүргэж байна.

Туулын хурдны зам нь түгжрэлийг бууруулах зорилготой, Улаанбаатар хотын зүүн, баруун хэсгийг Туул гол дагуу холбосон Express Way буюу гэрлэн дохиогүй, уулзваргүй замын төсөл бөгөөд 32 км үргэлжлэхийн 9.8 нь Туул голын татамд суурилсан гүүрэн байгууламж байх юм. Улмаар энэ төсөл Нийслэлийн түгжрэлд нөлөөгүй, Туул голын экосистемд сөргөөр нөлөөлөх, 2.3 их наяд төгрөгийн хэт өндөр төсөвтэй зэрэг шүүмжлэл хүлээгээд байгаа.

Туулын хурдны зам түгжрэл бууруулах уу?

Хариулт: Дангаараа 30 хувь, “Тойрог нэг” ба “Тойрог хоёр” зам баригдсаны дараа холбогдож 50 хувь бууруулна гэж тооцоолжээ.

Яагаад: Германд ашигладаг аргачлалаар хөдөлгөөний симуляц хийж үзэхэд энэ тооцоолол гарсан. Туулын хурдны зам нь долоон орц, гарцаар хэвтээ чиглэл, хотын төвтэй холбогдоно. 

Тэгэхээр “Тойрог нэг”, “Тойрог хоёр” гэдэг хоёр шинэ зам тавигдаж, Туулын хурдны замтай холбогдох ёстой.

Энэ тойрог замуудын ажил эхлээгүй байна. “Тойрог нэг”-ийн гүйцэтгэгч компанийн тендерийг энэ онд зарлана гэв.

Энэ төсөл хэзээ батлагдсан бэ?

Хариулт: 2008 онд эхэлж судалсан, 2013 онд Засгийн газрын хуралдаанаар солбилцлыг баталсан. 2016 онд анхны трасс, нарийвчилсан зураг, ТЭЗҮ гарсан. Энэ төслийг хэрэгжүүлэх хүрээнд УИХ-ын дөрөв, Засгийн газрын таван тогтоол өнгөрсөн хугацаанд батлагдсан. 

2016 оноос хойш автомашины тоо огцом нэмэгдсэн тул 2025 онд тэр үеийн ТЭЗҮ-ийг өөрчлөн батлаад гүйцэтгэгч байгууллагын тендерийг зарласан.

2016 оны ТЭЗҮ юугаараа өөрчлөгдсөн бэ?

Хариулт: 

  • Дөрвөн эгнээг зургаа болгож нэмсэн
  • Гүүрэн байгууламж 1.7 км байсан бол 9.8 болгож сунгасан.

Яагаад: 2016 оны ТЭЗҮ-ээр Туул голын эргээр далан барьж, зам тавих байсан. Энэ нь Туул голыг агшаах, эргийн экосистемийг доройтуулах эрсдэлтэй тул экологийн агуулгаар Яармагийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл бүхэлд нь гүүрэн байгууламж болгож өөрчилсөн.   

Туул голд сөргөөр нөлөөлөх үү?

Хариулт: Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг саяхан буюу гуравдугаар сарын 19-нд баталжээ. 

Үүгээр, байгаль орчинд:

  • Барилгын явцад
  • Баригдсаны дараа

Гэхдээ Усны үндэсний зөвлөл дүгнэлт гаргаагүй байгаа.

Усны үндэсний зөвлөл яагаад дүгнэлт гаргаагүй вэ?

Хариулт: Үүний тулд гүүрэн байгууламжийн багана суулгах байршлуудад өрөмдлөг хийж, гидрогеологийн судалгаа хийх ёстой. 

Одоогоор энэ гидрогеологийн судалгааг хийх хүрээнд өрөмдлөгийн техник ажиллаж, тухайн хэсгийн бургасыг тайраад байна.  

Гидрогеологийн судалгаа хийгдсэний дараа трассын нарийвчилсан зураг гарна. Энэ зураг дээр Усны газар, Усны үндэсний зөвлөл ажиллаж холбогдох дүгнэлтээ гаргана. 

Тэгэхээр төслийн судалгаа одоог хүртэл дуусаагүй байна.

Судалгаа дуусаагүй атал ажил эхэлсэн үү?

Хариулт: Гүйцэтгэгч байгууллагын тендер зарлаж, “Хао Юань” группийг шалгаруулсан. Урьдчилгаа болгож 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Барилгын ажил эхлээгүй ба дээр дурдсанчлан одоогоор гидрогеологийн судалгаа хийгдэж байна. 

Яагаад 2.3 их наяд төгрөг вэ?

Хариулт: 2016 оны 4 эгнээ, 1.6 км гүүрэн байгууламжтай төслөөр 460 сая ам.долларын өртөгтэй байсан. 6 эгнээ, 9.8 км гүүртэй болсноор 644 сая ам.доллар буюу 2.3 их наяд болж өссөн. Энэ хугацаанд ам.долларын ханш ч мөн өссөн. 

Улаанбаатарт хийгдсэн гүүр, автозамын бүтээн байгуулалтуудтай харьцуулахад дунджаас бага дүнтэй болно. 

Замаар нэг удаад зорчих 5 мянган төгрөг бөгөөд 5 жилийн дотор өртгөө нөхнө гэж нийслэлийн албан тушаалтнууд мэдэгдэв.

Усны тухай хууль зөрчсөн үү?

Хариулт: Голын сав газар гүүрэн байгууламж, усан сан барихыг зөвшөөрдөг. Ийм учир энэ бүтээн байгуулалт холбогдох хууль зөрчихгүй.

Гэхдээ энэ заалтад 2025.07.09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан. Үндэсний их баяр наадам дөхөж, нийтийн анхаарал суларсан үед Усны тухай хуульд нэмэлт оруулсан явдал анхаарал татдаг.

Ерөнхий гол хариултууд ингэж өгөгдсөн бол ямар асуудлууд нь шүүмжлэл дагуулсан бэ?

Нэг: Иргэдийн үзэл бодолд хүндэтгэлгүй хандсан. Гуравдугаар сарын 21-нээс хойш иргэд Туулын хурдны замыг эсэргүүцэн жагсаж, 7 мянга гаруй иргэний гарын үсэг цугласан. Гэвч жагсагчдын төлөөллийг “Жүжигчин”, “Төлбөртэй” зэргээр цоллосон Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарын хандлага гол шүүмжлэлийг хүлээж байна. 

Хоёр: Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ дөнгөж энэ сард, гэхдээ “Сайжруулах санал”-тайгаар батлагдсан. Энэ нь үнэлгээ одоо хүртэл дутуу гэсэн үг бөгөөд дээр дурдсанчлан гидрогеологийн судалгаа дутуу учир Усны газрын санал, дүгнэлт хүлээгдэж байгаа.

Гурав: Хамгийн гол байгаль орчны үнэлгээ бүрэн төгс биш байхад гүйцэтгэгч компани руу ₮500 тэрбумыг урьдчилгаа болгож шилжүүлсэн нь шүүмжлэл дагуулав. Хэрэв төсөл хэрэгжих, хэрэгжүүлэх боломжгүй болбол уг ₮500 тэрбумыг буцааж авах даатгалын компанийн баталгаа гаргуулсан гэлээ.

Дөрөв: Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр Туулын хурдны зам нь экологид 75 тэрбум төгрөгийн хохирол учруулах тооцоолол гарчээ.

Харин буцаагаад 1.5 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн төсөв тавьжээ.

Иймд нөхөн сэргээлтийн төсөв хангалтгүй гэдгийг шүүмжилсэн.

Тав: Гүүрэн байгууламжийн 2574 тулгуураас 18 нь голын голдирол дунд, 2556 нь татам хэсэгт байршина. Энэ бүрд цооног өрөмдөж судалгаа хийх ёстой нь хүлээгдэж байгаа. Хэдийгээр энэ нь далан дагуулж бүх замыг барьснаас илүү экологид ээлтэй гэж байгаа ч, Туул голын үерлэх эрсдэлийг тооцох ёстой гэлээ.

Өөрөөр хэлбэл, гүүрэн байгууламжийн зэрэгцээ далангийн хүчитгэлийг сайжруулахгүй бол 100 жилд нэг удаа болдог томоохон үерт зам өртөх эрсдэлтэй аж.

Зургаа: Туул гол таван аймгийн дамнан урсдаг ч зөвхөн төсөл хэрэгжих Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлж дэмжүүлснийг шүүмжиллээ. Хуульд төсөл хэрэгжих бүсийн ИТХ-ын саналыг авах ёстой ч иргэний хөдөлгөөний зүгээс дор хаяж нийт улаанбаатарчуудаар хэлэлцүүлж, зөвшөөрөл авах ёстой гэв.

Эцсийн дүндээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ бүрэн биш, Усны газрын дүгнэлт гараагүй нь гол шалтгаан болж байна.

АН-ын бүлэг уг асуудлаар дахин хэлэлцүүлэг зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн холбогдох байнгын хороод асуудлыг авч хэлэлцэхээр болжээ.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.