1/126: "800 тэрбумын зах зээл, түүний лоббинд бууж өгөлгүй Тамхины хуулийн өөрчлөлтийг заавал хийнэ"
УИХ-ын гишүүдийн улс төрийн амьдралд хөл тавьсан түүх, одоогийн парламентад санаачлан батлуулах гэж буй хуулийн төсөл, тэдгээрийн ач холбогдлын талаар өгүүлэх контентын эхний дугаар та бүхэнд хүрч байна.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгийн түүхийг хуваалцъя.
Тэрбээр УИХ-ын 78 гишүүний хамтаар Тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, өргөн барьсан юм.
“Ойрын сонин гэвэл Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгч боллоо. Ноднин би энэ хорооны гишүүнээр, Монголоос анх удаа сонгогдсон л доо. Сонгууль нь ихээхэн өрсөлдөөнтэй явагддаг юм билээ. Улс орнууд бүс нутгаараа нэгдээд л, өөрсдийн кандидатыг маш хүчтэй лоббидож байсан. Гэтэл би энэ талаар ойлголтгүй байв. Ямартай ч өөрийнхөө мэдлэг боловсрол, ажлын туршлагыг боломжийн хэмжээнд илэрхийлье гэж бодсон. Монголоос ганцаараа ирчихээд, гэнэн цагаанаар илтгэлээ тавьчихаад л хүлээж байтал гишүүнээр нь сонгогдсон. Харин өнгөрсөн хоёрдугаар сард энэ хорооныхоо Ерөнхийлөгч болсон юм.
Олон улсын парламентын холбоо бол парламентуудын парламент гэсэн үг. 1889 онд байгуулагдсан, Женев хотод төвтэй. 180 гаруй улс орны парламентын нэгдэл л дээ. Энэ холбоо чиглэл чиглэлээрх олон бүтэцтэй, тэдгээрийн нэг нь Парламентчдын хүний эрхийн хороо юм. Аливаа улс оронд парламентын гишүүний эрх зөрчигдвөл сонсгол зохион байгуулж, холбооны зүгээс шахалт үзүүлэх, шүүх хуралд нь төлөөлөгчөө илгээх, Засгийн газарт нь зөвлөмж өгөх зэргээр ажилладаг. 2021 онд Мьянмарын парламентын олон арван гишүүнд улс төрийн хэрэг тохож, баривчилж, нууц газарт хорьсон. Энэ үйл явдалд л гэхэд Парламентчдын хүний эрхийн хороо удаа дараа анхаарал хандуулж, суллахыг шаардан цэргийн эрх баригчдад нь шаардлага хүргүүлж байсан удаатай.
Аливаа дэмжлэг, лоббигүйгээр Монгол Улсаа төлөөлөн энэ хорооны гишүүн, одоо Ерөнхийлөгч болсон нь бахархалтай ч, би төдийлөн амбицлаагүй. Ер нь ч амбицтай биш ээ. Аавын маань “Хүнд тустай л зүйл хийж явбал буян нь ирдэг дээ” гэсэн захиас намайг даруу төлөв болгож хүмүүжүүлсэн санагддаг.
Аав маань Дорнод, ээж маань Говь-Алтай аймгийн хүн. Тэд хоёул эдийн засагч болохоор оюутан болж ирээд Улаанбаатар хотод танилцсан. Харин ээж нутагтаа л төрнө гээд эгч бид хоёрыг Говь-Алтай аймагт төрүүлж байсан юм. Бага нас маань бол Улаанбаатарт өнгөрсөн. Аав, ээж хоёр эхээс олуулаа, гэр бүлээсээ Улаанбаатарт орж ирсэн анхны хүмүүс. Тийм учраас бидний багад аав, ээжийн дүү нар гээд хамаатны олон хүн гэрт байна, бужигнана. Тэндээс би нийтэч, хамтач, нэгэндээ тус дэмтэй байх зан чанарыг олж авсан санагддаг.
Аав “Олонд тустай л явбал буян нь ирдэг, миний хоёр охинд ирэх байх аа” гэж хэлэхээс гадна эмэгтэй хүний хувьд хэнээс ч хараат бусаар амьдарч чадахын тулд өндөр боловсрол эзэмших ёстойг чухалчилдаг байлаа. Эгч маань олон улсын харилцаагаар явсан. Миний өмнө олон сонголт байсан ч аав намайг эмч болоосой хэмээн хүсэж байв.
Харин 1998 онд аавтайгаа хамт УИХ-ын чуулганы хуралдаан үзсэн дурсамж маань намайг хуульч мэргэжил сонгоход хүргэсэн. Телевизээр чуулганы ээлжит бус хуралдааныг дамжуулж байлаа. Одоо санахад төрийн өмчит Сэргээн босголтын банкийг “Голомт” банктай нэгтгэсэн үйл явц хуулийн дагуу явагдсан эсэхийг хэлэлцсэн байна. Тухайн үед ойлгоогүй ээ. Гишүүд асуулт асуугаад л, холбогдох албаны хүн хариулаад л байлаа. Гэтэл нэг хүн маш оновчтой асуулт асуудаг юм байна. Эргээд бодох нь ээ хуулийн хэллэгээр хаалттай асуулт тавьжээ. Маш логиктой, тийм эсвэл үгүй гэж хариулагдах асуулт дараалан тавихыг нь сонсоод л сууж байтал өөрийн мэдэлгүй “Аан, ер нь бол буруу шийдвэр гаргачихсан юм байна ш дээ” гэдгийг ойлгочихсон. Тэгээд ааваасаа асуулаа.
-Аав, энэ хэн бэ?
-Хуульч хүн л дээ.
“Хуульч хүн л дээ” хэмээх тодотгол тэгэхэд толгойд харваад л орчихсон. Аливаа зүйлийг логик дараалалтай задалж хардаг, ямар ч ойлгомжгүй асуудлыг энгийншүүлж чаддаг ийм хүн болъё гээд хуульч мэргэжил сонгосон.
Би 2-р сургуульд суралцаж байгаад МУИС-ийн харьяа Монгол-Туркийн хамтарсан байгалийн ухааны төрөлжсөн дунд сургуулийг төгссөн л дөө. Уг нь ч математик, физикээр дагнадаг сурагч байлаа. Харин аав маань “Аа, хуульч ч дээ. Уг нь эмч болсон бол…” хэмээн дурамжхан хэлж байсан нь санаанд тод үлдчихсэн.
Гэхдээ би сонголтоо өөрчлөөгүй. Японы Засгийн газрын тэтгэлэг горилж, шалгалт өгөх гэтэл математикаас гадна түүх, нийгмийн ухааны маш өндөр мэдлэгтэй байх ёстойг ойлголоо. Ж.Неругийн дэлхийн түүхийн гурван ботийг уншаад л, Д.Нацагдоржийн номын санд бараг амьдарсан даа. Амьдралдаа хамгийн их хичээл давтсан цаг хугацааны маань нэг энэ. Дараагийх нь гэвэл Токиогийн их сургуульд элсэхийн тулд хэлний бэлтгэлд япон хэл сурч байхдаа хамгийн их хичээсэн санагддаг. Харин гурав дахь нь Нью-Йоркийн хуульчийн шалгалтад бэлдэж байсан үе.
Тэр үед Японы Засгийн газрын тэтгэлэг маш шалгуур өндөртэй, манай Боловсролын яамнаас оролцдоггүй, цэвэр Японы ЭСЯ өөрөө шалгаруулдаг онцлогтой байсан. Ингээд тэтгэлэгт шалгарч, Япон явлаа. Тэнд нэг жил хэлний бэлтгэлд сууж, бусад дагалдах хичээл үзсэний дараа сургууль сонгодог юм. Би нэгэнт ирснийх, Японы нэг дугаарын сургуульд орно гэж л зорьсон. Чадсан, Токиогийн их сургуулийн оюутан боллоо.
Гэтэл эхний курсэд ороод л ганцхан жил сурсан япон хэл маань гологдож эхэлсэн. Улмаар байгалийн ухааны хичээл голчлон үзэж, хэлээ сайжрууллаа. Японы хууль судалж эхэлсэн хойно ч бэрхшээл тулгарсан. 200 жилийн өмнөх Мейжигийн үеийн япон хэл дээр бичигдсэн хууль тогтоомжийг унших болов. Би нэг нүүрийг бараг л 30 минут уншиж байж ойлгож байсан. Ингээд япон хэлийг энгийн дундаж япон хүнээс илүү эзэмших шаардлагыг надад хуульчийн мэргэжил тулгасан.
Японы хамгийн нэр хүндтэй их сургуулийг, хуульч мэргэжлээр дүүргэлээ, чадлаа. Гэхдээ л сэтгэлд дутуу оргиод... Монголын биш Японы хуулиар мэргэшчихсэн, мэргэжлийнхээ давуу талыг яаж бусдын төлөө зориулах вэ? гэдэг томоохон асуулт хэвээр. Аавын “Хүнд л тустай зүйл хийж яваарай” гэсэн захиас үе үе санаанд орно. Тийм ч болохоор, намайг эмч болгохыг хүсдэг байсныг нь санаад магистрын зэрэг хамгаалахдаа Эрүүл мэндийн эрх зүйг сэдэв болгож сонгосон. Тухайн үед дүнгийн голч маань өндөр байсан тул Засгийн газрын тэтгэлэг сунгагдсан юм. Тэгэхээр УИХ-ын гишүүн болоод хамгийн түрүүнд Тамхины хяналтын тухай хуулийг барьж авсан маань санамсаргүй давхцал бас биш ээ.
2010 оны үед магистрын зэрэг хамгаалчихаад Монголдоо ирлээ. Уг нь цааш докторын зэрэгт суралцах, ингээд судлаач болох зам мөр намайг хүлээж байсан. Гэвч би үргэлж л бичиг цаас шагайж суух биш, судалсан зүйлээ практик дээр амьдруулъя, Монголдоо очиж Монголын хуулиа судалъя гэж шийдсэн юм.
Одоо л мэргэжлийнхээ дагуу ажиллая гэтэл тухайн үед танил талгүй бол төрийн албанд орох амаргүй, цалин нь ч маш бага. Долоон жил гадаадад сурчихсан болохоор аав ээждээ нэмэр тус болох хэрэгтэй байдаг... Ингээд “Мицубиши корпораци”-иас ажлын гараагаа эхэлсэн. Удалгүй “Хоган Ловэллс” олон улсын хуулийн фирмд орж, ахлах хуульчаар нь зургаан жил ажилласан.
Энэ хугацаандаа Колумбийн их сургуульд дахин Хууль зүйн магистр хамгаалж, Нью-Йоркийн хуульчийн шалгалт өгсөн. Олон улсын хэмжээнд хуульчаар ажиллах боломжоо хангасан гэсэн үг. Өдөрт 14 цаг тасралтгүй давтана. Нью-Йоркийн өмчийн хуулийн агуулга нь латин хэлний сурвалж олон, өөр сэтгэлгээтэй, дундад зууны Английн феодалын нийгмийн хуулиас эхтэй байдаг. Гэхдээ яагаад ч юм ер ядарч, ядаргаанд орж байгаагүй. Хүн урдаа тавьсан зорилготойгоос гадна шинэ зүйл сурч, мэдэж байгаа тохиолдолд ерөөсөө ядардаггүй байх аа.
Нэгэнт Нью-Йоркийн хуулиар мэргэшнэ гэдэг олон улсын шинжтэй, улс орон, Засгийн газар, корпораци дамнасан арбитрын маргаан дээр ажиллана гэсэн үг. Ингээд өөрийн гэсэн өмгөөллийн фирм үүсгэн байгуулж, дандаа олон улсын хуулийн маргаан дээр ажиллаж байгаад төрийн албатай холбогдсон маань 2021 он шүү дээ.
Тухайн үед УИХ-ын даргаар Г.Занданшатар ажиллаж байсан. Хууль тогтоомжийг олон улсын стандартаар боловсруулдаг, баталдаг байя гэж зорьсон нь олзуурхууштай санагдаж, Г.Занданшатар даргын саналыг хүлээн авав. Түүнээс өмнө би хуулийг хэрэглэдэг хүн байсан. Монголын хууль хийдэл ихтэйг маш сайн ойлгосон байлаа. “А юм уу, Б юм уу?” гэж асуухаар хариулт ойлгомжгүй, цэвэр хэрэглэж байгаа хүнээс хамаарах, тодорхой бус зүйл олон л доо. Уг нь хууль тодорхой байх, тэгж гэмээнэ нийгмийн хэм хэмжээг зохицуулах учиртай. Ингээд УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд даргаар нэг жил, дараа нь УИХ-ын даргын зөвлөхөөр нэг жил ажилласан даа.
Болдоггүй ээ. Сэтгэлээр унасан. Энэ хугацаанд би нэг зүйлийг ойлгосон. Монголд үнэхээр хууль тогтоомж стандартын дагуу боловсруулагддаггүй, батлагддаггүй. Жирийн төрийн албан хаагчид хэчнээн хичээв ч улстөрчид бүгдийг шийддэг болж таарсан...”Төрийн жинхэнэ албан хаагч байгаад өөрчилж чадахгүй юм байна...” Энэ надад өөрөө улс төрд орж ажиллах л хамгийн боломжит хувилбар, ингэж гэмээнэ л бодит өөрчлөлтийг хийж чадна гэдгийг ойлгуулсан. Улмаар 2023-2024 оны хооронд Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллахдаа Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдсан хууль бус хэд хэдэн асуудлыг барьж авсан. Олон улсын хуульчийн давуу талаа ашиглаж, олон жил ужгирч бугшсан сэдэвт бодит үр дүн гарган ажиллаж чадсан. Өөрчлөлт авчирч чадах юм байна гэж өөрөө өөртөө ч урамшсан.
УИХ-ын тамгын газар, Нийслэлийн ЗДТГ-т ажиллаж байгааг маань анзаарсан уу, 2024 оны сонгуульд жагсаалтаар нэр дэвших саналыг МАН-аас тавихад би хүлээж авсан юм.
Японд хамт суралцсан найз нар маань надад хэлж байлаа л даа. “Чи яагаад МАН-ыг сонгочихов оо?” гэж. Харин надад богино хугацаанд, нөлөө бүхий өөрчлөлт авчиръя гэвэл боломж нь институцийн хэмжээний энэ намд байгаа санагдсан хэрэг. Нөгөөтээгүүр, бидэн шиг мэргэжилдээ эзэн болж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ч улс төр гэж гүйдэггүй, амбицалдаггүй хүмүүст МАН 2024 оны сонгуулиар боломж олгосон нь үнэн шүү дээ.
Институтийн нөлөө бүхий эрх баригч нам мань мэтийн, улс төрийн туршлагагүй олон залуу үеийн төлөөллийг жагсаалтад багтаах нь нэн шинэ хандлага санагдлаа. Одоо би хичээх л хэрэгтэй. Аавынхаа захиасаар, ёстой л хүний төлөө юм хийх, хийх хийхдээ хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх боломжтой ажлын талбарт гарлаа...
Гэхдээ Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн анх барьж авахдаа ийм их зөрчил дагуулна гэж огтхон ч төсөөлөөгүй. Маш олон талын лобби, гүтгэлэг, нөлөөллийн дор энэ хуулийн төслийг боловсруулж, ямартай ч УИХ-д өргөн барьчихаад байна. Одоо УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх юм.
Энэ бүхэн намайг Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхад эхэлсэн. Мэргэжилтнүүд электрон тамхины хэрэглээг ер дийлэхгүй байна гээд л. Багш нар сурагчдадаа шаардлага тавихаар ариун цэврийн өрөөнд нууж, ээлжилж татдаг, 11 настай охины үзэгний савнаас электрон тамхи гарч ирдэг гэх мэтээр сэтгэл эмзэглэм мэдээ их сонсогдоно. Яагаад ер хууль эрх зүйн түвшинд анхаарахгүй байна вэ? гэж гайхав. Нийслэлийн хэмжээнд 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи худалдахыг хориглосон захирамж батлуулсан ч үр дүн гарсангүй.
УИХТГ-т ажиллахдаа анзаарвал, тамхитай холбоотой хууль орж ирэхээр л гацчихаад байсан. Орон нутгийн засаг дарга нар хэр хэмжээндээ арга хэмжээ авахаар тэднийг “Хууль байхгүй байхад дур мэдэн шийдвэр гаргалаа” хэмээн шүүхэд өгчихнө, дарамт шахалт үзүүлнэ.
Би хоёр хүүтэй л дээ. Том хүү маань найман настай байхдаа нэг өдөр гэнэтхэн “Ээж ээ, вэйп гэж юу юм бэ?” гэж асуусан. Би ч муухай, хор хөнөөлтэй зүйл гэдгийг нь тайлбарлаж өглөө. Гэтэл “Муухай юм бол яагаад гүзээлзгэнэ шиг гоё үнэртэй байгаа юм?” хэмээв.
Ингээд электрон тамхи гэдэг зүйл найман настай хүүхдүүдийн хүрээлэлд ч нэвтэрчихснийг мэдсэн. Одоо л цэгцэлж авахгүй бол болохгүй нь. Мөн өмнө нь лоббинд автаагүй, шинээр сонгогдсон гишүүд л энэ сэдвийг барьж авна гэдгийг ойлгосон.
2012 онд Л.Эрдэнэчимэг гишүүн ахалж, Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг батлуулсан. Түүнээс өмнө хүмүүс зүгээр л гэртээ, ресторанд, бааранд гээд хаана л бол хаана шууд л тамхи асаагаад татчихдаг байсныг Z үеийн хүүхдүүд сайн мэдэхгүй байх. Тухайн үедээ тамхи импортлогч болон үйлдвэрлэгч компаниуд маш их эсэргүүцэж, хуулийг батлуулахгүй байхын тулд ил далд лобби хийж байсан ч Л.Эрдэнэчимэг гишүүн няцаагүй. Түүнтэй уулзаад би ч бас няцаж болохгүй юм байна, нэгэнт баталж чадвал эерэг үр нөлөө нь урт хугацаандаа заавал гарна гэдгийг ойлгосон.
Тамхинаас шалтгаалсан нас баралтаар манай улс дэлхийд маш өндөрт жагсаж байна (Our World Data, 2020). Энэ бол ямар нэгэн байдлаар анхаарал хандуулах шаардлага нэгэнтээ үүссэн гэсэн үг. Гэтэл электрон тамхи бол янжуур тамхинаас гарах боломж гэж худал суртал ухуулга хийсээр байгаа. Үнэндээ электрон тамхи нь янжуур тамхинд донтох эрсдэлийг 3-5 дахин нэмэгдүүлдэг (Global Pediatrics, 2024) судалгаа гарсан. Дээр нь хоргүй гэдэг, тийм бас биш. Никотин мэдээж донтуулахаас гадна ацетилальдегид, формальдегид нь хорт хавдар үүсгэнэ, машины үл хөлдөөх шингэн, будаг уусгагч, хиймэл утаа үүсгэхэд ашиглагддаг пропинел гликол ч агуулагдаж байгаа. Акролеин нь хогийн ургамал устгадаг бодис бөгөөд уушгийг маш их гэмтээдэг. Машины утаанд агуулагддаг бензолоос гадна никель, цагаан тугалга, хар тугалга зэрэг хүнд метал ч бий шүү дээ.
ДЭМБ-ын судалгаагаар Номхон далайн баруун бүсийн орнуудаас манай улс тамхидалтаар хамгийн өндөрт жагсаж байгаа юм. Электрон тамхи өөрөө шинэ тутам бүтээгдэхүүн учраас одоо л бодит судалгаанууд гарч эхэлж байна. Гэтэл энэ хооронд хэрэглээ нь хэдийнэ газар авчихжээ. 2019 онд 13-15 насны сурагчдын 14 хувь янжуур, 3.5 хувь электрон тамхи татдаг байсан. 2023 онд буюу дөрвөн жилийн дараа 13-17 насныхны хувьд электрон тамхины хэрэглээ 24.8 хувь болж огцом өссөн. Харин дагаад янжуур тамхины хэрэглээ буураагүй, эсрэгээрээ 19.9 хувь болж мөн л өссөн. Тэгэхээр электрон тамхи бол янжуур тамхинаас гарах боломж гэдэг суртал ухуулга худал байна.
Энэ хэрээр хүүхэд залуучуудын эрүүл мэндэд эрсдэл учирч байгаагаас гадна эдийн засгийн хувьд манай улс хохирч байгаа. Электрон тамхины импорт 2020 онд 47 мянган л ширхэг байв. Харин 2024 онд 8.2 сая ширхэг болж өссөн. Энэ бол 22.6 сая ам.долларын импорт гэсэн үг. Янжуур тамхины импорт 2020 онд 2.9 сая ширхэг байсан бол 2024 онд 3.5 сая ширхэг болж өссөн. Дахиад энэ нь 66.7 сая ам.долларын импорт. Электрон тамхи янжуур тамхины зах зээлийг эзлэх биш, аль алины нь эрэлт тогтмол өссөөр байгаа. Нийт 100-гаад сая ам.долларын зах зээл энд яригдаж байна.
Электрон тамхи гааль дээр 2-3 ам.доллараар л орж ирдэг. Янжуур бол 700-800 төгрөг байх жишээтэй. Ингээд шууд хоёр дахин үржигдэж зах зээлд борлуулагддаг гэвэл 200-аад сая ам.доллар буюу 700-800 тэрбум төгрөг энэ зах зээлд эргэлддэг. Тэр хэрээр лобби нь хүчтэй байдаг юм байна. Ялангуяа электрон тамхи хуулийн зохицуулалтгүй учир тусгай зөвшөөрөл шаарддаггүй, онцгой албан татвар төлдөггүй. Огцом ашиг олдог том бизнес.
Нөгөө талаас электрон тамхийг БНХАУ ба Хонг Конгоос хамгийн их импортолдог. Гэтэл энэ хоёр орон өөрсдөө электрон тамхины хэрэглээг амт, үнэрийг хориглох гэх мэт дотооддоо хатуу хяналттай, зохицуулалттай нь анхаарал татмаар.
Уг нь бусад улс оронд тамхины хэрэглээг татварын бодлогоор хязгаарладаг юм байна. Тэгээд ч нийтийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулж буй утгаараа харьцангуй өндөр татвар ноогдуулах ёстой ба үүнийг “Нүглийн татвар” гэж нэрлэдэг. Харин манай улсад?
Архи, тамхины онцгой албан татварын орлого 2014 онд 650 тэрбум төгрөг байсан бол тасралтгүй буурсаар өдгөө 500 тэрбумыг шүргэж, татварын орлогод эзлэх хувь нь 7 хувиас 2 хувь болж багассан байна. Хэрэглээ нь ихсэх хэрээр татварын орлого ихээр төвлөрөх ёстой атал бүр буурчихжээ. Татвараа дагаад үнэ нь ч хямд.
Янжуур тамхины үнэ Монголд 0.82 ам.доллар. Гэтэл БНХАУ-д 2.43, ОХУ-д 2.82 гэж явсаар Австралид бүр 23.36 ам.доллар байгаа. Мөн татварын хувьд Финланд 89 хувь, Австрали 77 хувь, Өмнөд Солонгос 74 хувь, ОХУ 61 хувь байхад манай улс 42 хувийн татвар л ногдуулж байна. Сүүлийн 15 жилд талхны үнэ дөрөв дахин өссөн байхад янжуур тамхины үнэ 2.8 дахин л нэмэгджээ.
Татвар өндөр, үнэ их байх тусмаа л тамхидалт буурна. Энэ бол олон улсад туршигдсан, нотлогдсон үр дүн. Үнэхээр өөрийгөө болон бусдыг хордуулж тамхи татмаар байгаа бол, үүнд тодорхой хэмжээний санхүүгийн зардал гаргах ёстой гэсэн үг шүү дээ.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд бид юун түрүүнд электрон тамхийг электрон бараа биш, тамхин бүтээгдэхүүн гэж анх удаа хуульчилна. Ингэхээр янжуур тамхинд үйлчилдэг хязгаарлалт, тусгай зөвшөөрөл, татварын бодлого электрон тамхинд ч үйлчилж эхэлнэ. Ер аль алины нь татварыг үе шаттай нэмснээр татварын орлогын тодорхой хувийг хүүхдийн хөгжилд зарцуулж байх юм. Онцгой албан татварын 2 хувь л Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрдөг. Үүнийг 50 хувь болгохоор тусгасан. Мөн цаашлаад ил байршуулж худалдахыг, мөн хүүхдийн сонирхол татах элдэв жимс, зайрмаг, ундааны амт, үнэртэй байхыг ч хориглохоор зохицуулсан. Нөгөө талаас янжуур тамхины татварыг үе шаттай нэмэх гэж байгаа.
2025 оны байдлаар янжуур тамхины дундаж үнэ 3,742 төгрөг. Хууль батлагдвал 2026 онд ₮4,366, 2027 онд ₮7,082, 2028 онд ₮9,815, 2029 онд ₮12,567, 2030 онд ₮15,339 болно.
Энэ бүхэн нь тамхидалтыг бууруулдаг олон улсын туршлага юм.
Өнөөдөр дэлхийн 82 орон электрон тамхийг хуулийн зохицуулалтад оруулсан байна шүү дээ.
Энэ хуулийн төсөл дээр ажиллаж байхад электрон болон янжуур тамхи импортлогчдын зүгээс маш их лобби хийсэн. Төрийн ордонд УИХ-ын гишүүн бүртэй уулзсан. Бүр УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулга хийсэн байна лээ. Харин хуулийн төслийг надтай хамт 78 гишүүн гарын үсэг зурж, өөрсдийн нэрийг оруулж өргөн барьсан. Энэ хүчинд хэлэлцэгдэнэ гэж итгэж байна. Өнгөрсөн намрын чуулганаар уг хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн байгаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд санаатай ба санамсаргүй олон янзын асуулт асуусан. Хэдийгээр хууль маань УИХ-ын босгыг давчихсан нь сайшаалтай ч зарим гишүүдийн хандлага харамсалтай санагдсан. Илтэд лоббинд автсан гишүүн ч анзаарагдаж байлаа.
Одоо анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ ажлын хэсэгт хууль санаачлагчид өөрсдөө орж болдоггүй. Тийм учраас УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ахалж байна. Байгуулагдсан хойно нь “Би орох байсан юм, ормоор байна” гэж санал тавьсан гишүүн олон гарчээ. Миний санахаар гишүүдийн бүрэлдэхүүн батлах захирамж гурван ч удаа өөрчлөгдөөд байгаа.
Тэд хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хуулийн төслийн аль хэсгийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг маш анхаарал татаж байгаа. Эсэргүүцсэн санал их гарах нь тодорхой. Одоогоор ажлын хэсэг маань онцгой албан татварын орлогыг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлээд, яг яаж үр дүнтэй зарцуулах юм, механизм нь яавал зөв болох юм гэдэг дээр ажиллаж байгаа гэсэн.
Ямартай ч гишүүддээ итгэж байна, Ц.Идэрбат гишүүний хувьд надтай уулзаад “Хууль хийгүй, сайн боловсруулагджээ. Засгийн газраас өргөн барьсан хууль ч ийм хэмжээнд хийгдсэн байхыг ховор харсан” гэж ярьсан.
Сошиал ертөнцөд бол маш их буруу, ташаа мэдээлэл явуулсан даа. Манай нөхрийн нэр хүндэд ч гүтгэн халдсан. Ижил нэртэй хүн асуудалд холбогдонгуут “Тамхины хууль гэж яваа Номинчимэгийн нөхөр” гээд л түгээнэ. Гаалийн ерөнхий газрын албан мэдээг ч утга гуйвуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараана.
Энэ бүгдийг давж гарна аа.
Төдийгөөс өдийг хүртэл намайг чиглүүлсэн, аавын маань “Хүний төлөө л юм хийж яваарай” гэсэн захиас хаачих билээ. Өөрийн мэдлэг боловсролыг шийдвэр гаргах түвшинд ашиглана гэж зориглосон маань ч тодорхой үр дүнд хүрэх ёстой. УИХ-ын хэмжээнд боловсруулагдаж байгаа ихэнх хуулийн төсөл дээр би орж ажилладаг ч тэдгээрээс илүү Тамхины тухай хуулийн өөрчлөлтөө л батлуулчихвал миний эхний бахархал энэ.
Токиогийн их сургуулийн оюутан байхад англи хэл дээр мэтгэлцээний тэмцээн болдог байсан юм. Тухайн мэтгэлцээнд би ахалж ороод, хуульчийн мэргэжлийнхээ үнэ цэнэ, утга учрыг илүү сайн ойлгож байлаа. Ингээд МУИС дээр энэ хөтөлбөрийг анх нэвтрүүлсэн юм. Шавь нараас маань нэг нь хожим миний хуулийн фирмд ажиллахдаа “Үнэндээ би санамсаргүй л энэ мэргэжлийг сонгосон. Харин таны нэвтрүүлсэн хөтөлбөрт хамрагдаад, сонголт маань зөв болжээ гэдгийг мэдсэн” гэж хэлсэн юм. Тэр маань Харвардад суралцаж, өдгөө Лондонд ажиллаж байгаа мундаг хуульч болсон.
Харин УИХ-ын гишүүнээр ажилласан дөрвөн жилдээ би дараагийн бахархлаа бүтээхийн төлөө хичээнэ ээ".

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.