“Фулбрайтын Гадаад Тэтгэлгийн Зөвлөл” Д.Трампын засаг захиргааг эсэргүүцэн ажлаа хүлээлгэн өглөө

unnu.news
unnu.news
14 өдрийн өмнө

Өчигдөр (06.11) "Фулбрайтын Гадаад Тэтгэлгийн Зөвлөл"-ийн бүх гишүүн ажлаа өгч буйгаа мэдэгдэж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааг энэхүү нэр хүндтэй солилцооны хөтөлбөрт улс төрийн нөлөө үзүүлсэн гэж мэдэгджээ.

Нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй тус зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд Трампын засаг захиргаа 2025–2026 оны хичээлийн жилд сонгогдсон олон хүний тэтгэлгийг хүчингүй болгож, Зөвлөлийн бүрэн эрхэд халдсан гэж дурдсан байна. Түүнчлэн, АНУ-д суралцахаар сонгогдсон 1,200 гаруй олон улсын оюутны материалыг “хууль бус дахин хяналт”-д оруулж, цаашид илүү олон хүнийг тэтгэлгээс хасаж болзошгүй талаар анхааруулж, тус мэдэгдэлдээ

“Эдгээр үйлдэл нь Фулбрайтын эрхэм зорилго, хуулиар тогтоосон үг хэлэх, академик эрх чөлөөний зарчимтай зөрчилдөж байна” гэжээ.

Огцорсон гишүүдийн мэдээлснээр хүчингүй болгосон тэтгэлгүүд нь ихэвчлэн

  • биологи,
  • инженер,
  • архитектур,
  • хөдөө аж ахуй,
  • ургамал судлал,
  • амьтан судлал,
  • биохими,
  • анагаах ухаан,
  • дуу хөгжим,
  • түүхийн чиглэлийнх байжээ. Тэд уг асуудлаар Трампын засаг захиргааны дээд түвшний албан тушаалтнуудад удаа дараа бичгээр болон биечлэн хандсан ч хариу аваагүй байна.

Харин АНУ-ын Төрийн департаментаас “Энэ бол Ерөнхийлөгч Трампыг гутаах гэсэн улс төрийн жүжиг. Тэтгэлгийн эцсийн шийдвэр гаргах эрхийг эдгээр гишүүдэд өгөх нь утгагүй, ялангуяа тэдний сонгосон хүмүүс Трампын зарлиг, чиглэлтэй нийцэхгүй байвал” гэж хариу мэдэгджээ.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.