У.Энэрэлмаа, “The Royal Heartaches”: Эцэст нь нэг хэн нэгэнд хэрэгцээтэй байгаа юм шиг...

unnu.news
unnu.news
1 жилийн өмнө

“Зуурдхан юм шиг зургаан жилийг

Зүрхэнд үлдсэн чиний дүрийг

Яаж би мартаж чадах билээ...” гэж шүлэглэн дуулсан У.Энэрэлмаа студид ганцаар хүлээн сууж байв. “The Royal Heartaches” хамтлаг бидний гуниг, ганцаардал, хүлээлт, эргэлзээ, шархалсан зүрх бүгдийг аргадан мэндэлж хоёр жилийг ардаа үдээд байна. Удахгүй зургадугаар сарын 6-нд хоёр дахь бие даасан тоглолтоор сонсогчидтойгоо уулзах гэж буй. 

Тоглолтыг угтаж, хамтлагийн гоцлол дуучин У.Энэрэлмаагийн уран бүтээлч хувь ертөнцийн үүд хаалгыг татах гэж ирсэн маань энэ. Энэ ертөнцөөс урган гарч эгшиглэдэг дуу хоолой, шүлэг, аялгуу бүгдийн дахин давтагдашгүй өнгө төрх өнөөдөр хэдийнэ анхаарал татчихсан. У.Энэрэлмаа гэж хэн юм бэ? гэсэн асуултын хамт цуурайтаж байгаа.

“The Royal Heartaches” хамтлагийн ахлагч, аргил гитарчин бол Б.Оюунболд. Цаашлаад гитарчин Н.Гал, даралтат хөгжимчин Л.Даваанаран, бөмбөрчин М.Өнөрбаяр нарын арвин туршлагатай бүрэлдэхүүн У.Энэрэлмаатай нийлэн хоршоод манай хөгжмийн ертөнцөд томоохон байр суурь эзэлсэн билээ. “The Library Records”, продюсер Т.Мөнх-Оргилын санаачилсан төсөл энэ бүгдийн хувь тохиол болсноос хойш дөрвөн жил өнгөрчээ.

Хөгжмөөр дамжуулан бусдад хийгээд өөртөө итгэл найдвар бэлэглэж буй У.Энэрэлмаатай ингэж ярилцлаа.


-Чамайг хүүхэд байхдаа дуучин болно гэж ер бодож байгаагүй хэмээн сонссон юм байна. Гэхдээ, одоо дуучин болж байна гэж боддог уу?

-Өөрийгөө дуучин гэж хэлэх дургүй дээ. Хамтлагаа төлөөлөх үүднээс бол ингэж тодотгох учиртай. Дуучин гэхээсээ уран бүтээлч гэж хэлбэл арай зохих юм шиг. Гэхдээ бас тэр шалгуурт маань яв цас нийцэх уран бүтээл надаас хараахан төрөөгүй байгаа гэж боддог.

-Харин энэ уран бүтээлч мэдрэмж дотор чинь эртнээс байж, урлагийн ямар нэг төрлөөр илрэн гарч байсан гэмээр?

-Би их чимээгүй, дуугүй хүүхэд байсан. “Намайг юм ярьсан ч тоох, сонсох хүн байхгүй” гэж боддог байсан. Гэхдээ дуулах дуртай, харин олны өмнө биш, ганцаараа. Цэцэрлэгтээ дуулж байсан зургуудаа олсон, тэгэхээр багаас л дуулахыг битүүхэн хүсэж байсан шиг. Одоо ч надад тайзан дээр гарахын өмнө түгшүүртэй санагддаг. Зүгээр дуулчихгүй, уйлна (Инээв). Үзэгчдийн зарим нь “Одоо дуулах яах вэ, уйл” гэдэг. Хүний уйлахыг харахыг хүсдэг сонин фетиштэй хүмүүс ч байдаг юм байна лээ.  

Хүмүүс сонсохгүй болохоор хэлмээр байгаа үгээ шүлэг болгож бичдэг байсан. Зарим шүлэг, одоогийнхоор бол дууны үг маш хурдан гарчихдаг. Багтрах гэж байгаа юм шиг болж ирээд, “За, одоо гарах цаг нь ирлээ” гээд л гадагшилчих шиг санагддаг.  Өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан маань сүүлдээ шүлэг болж хувирсан л даа. Дараа нь гитар тоглож сурахаар шийдсэн. Ингэж анхны дуугаа зохиож байсан. Тэр үед зөвхөн өөрөө өөртөө л дуулдаг байсан юм.

-Уран зохиолд дуртай юу. Шүлгийн чинь үгнээс багагүй уншдаг шинж харагддаг шүү?

-Сонгодог уран зохиолд ч багаасаа дурласан даа. Гэхдээ уншдаг гэвэл нэг дутагдал бий, уран зохиол л уншиж чадна. Өөр төрлийн ном ёстой уншиж чаддаггүй. Дээр астрологийн нэг ном уншаад, бага фантазална шүү гэж өөртөө хэлсэн ч плуто гараг дагуултайгаа хэрхэн нэг тэнхлэгт эргэж буйг төсөөлсөн чинь надад хайрын түүх мэт санагдсан. Ингээд “Плуто гарагийн түүх” гэж дуу хийсэн. Өөрийгөө, уран сэтгэмжээ ер барьж чадахгүй л хүн юм байна гэж бодсон доо.

-Хэнийг унших дуртай вэ?  

-Чарльз Дикенсон. Алигерьи Данте, “Тэнгэрлэг туульс”. Энэ миний хамгийн дуртай зохиол.

-Том зохиол нэрлэв шүү, саяхан шинэ орчуулга нь гарсан.

-Аанхан, би хуучин орчуулгаар нь уншсан. “Там” бүлгийг худалдаж авах гээд хэдэн жил хайгаад олоогүй ч саяхан шинэ орчуулгаар нь авсан байгаа. Дэлхийн утга зохиолын түүхэнд шад мөрийг анх Данте оруулж ирсэн гэдэг. Шүлэглэх, мөр толгой холбох талдаа түүнээс том урам зориг авч байсан. Харин утга санааны хувьд гүнзгий байх тусмаа таалагддаг. Сүүлд Силвиа Платад гүнзгий орсон. “Гэм зэм”-ийг багадаа уншсан нь бурууджээ гэж бодсон. “Норвегийн ой”-г ч тэр, арай л багадаа уншчихсан юм шиг санагдсан. Тэр үед дүрүүдийн ганцаардал, гуниг гутралд гүнзгий цочирдон нэвтэрч байсан. Одоо харьцангуй тэр дүрүүдийн асуудал надад их ойр санагдах болжээ.

-Гитар авч, шүлгээ дуу болгож эхэлсэн нь яг хэзээ юм бэ?

-10, 11-р ангидаа байна уу, хүүхдийн мөнгөө цуглуулж гитар авч байсан юм. Тэгээд  “Үүр цайхад” гэдэг хамгийн анхны дуугаа хийсэн. Утгыг нь бодсон ч, түүн шиг нэг өдрийн дотор зохиосон дуунууд маань одоо хэр гуниг дийлэнх. Би угаасаа л гунигт мэдрэмтгий хүн шиг. Сүүлд “Гунигт дурлагч” гэдэг эмгэгийн талаар ярьж байхыг сонссон, тоглоом шоглоомоор шахуу хэлэхэд би өөрийгөө тийм гэж бодсон. Гэхдээ гунигтай байгаагаа би буруутгахыг хүсдэггүй, хүсэхгүй тийм цэгт хүрч ирсэн бололтой.

-Хөгжмийн сонирхол мөн хүчтэй яригдана шүү дээ, хэнийг сонсдог байв даа?

-Күрт Кобайнд их орсон. Сүүлд “Битлз”-д ороод амьд хөгжмийн сонирхлоо ерөнхийд нь түгжчихсэн байгаа. Ажиглаад байхад, өөрөө дуугаа бичдэг уран бүтээлчдийг түлхүү сонссон юм билээ. Нора Жонс байна. Поп гэвэл Тэйлор Свифт мөн өөрийнхөө хайрын түүхийг бичиж гарч ирж байсан. Ер нь л өөрийгөө дуугаар илэрхийлбэл гоё юм гэж бодоод, хөгжим тоглонгоо дуулах сайхан санагдаад, төгөлдөр хуур, гитар сурч эхэлсэн хэрэг. Ингээд нөгөө анхны дуугаа 11 жилийн өмнө, ариун цэврийн өрөөнд зохиож байсан юм аа, аав ээж сэрэх гээд. Зохиосон дуунуудаас маань хамгийн дуртай, сэтгэлд ойр байдаг нь тэр. “Би чинь ямар нэг юм хийж чадах юм байна” гэж ойлгосон, ойлгуулсан мөч энэ байсан.

-Мэргэжил сонгох гэдэг ажилд тулж ирээд яасан бэ? 

-Би их сонин, амьдралын утга учрыг тунгаадаг хүүхэд байж. “Би ер нь яах гэж амьдраад байна вэ?” гэдэг асуултад үргэлж ээрэгдээд. Тэр асуултад маань автобусны буудал дээр ч бил үү, нэг ахын хэлсэн үг хариулчих шиг болсон юм аа. “Хүн хүндээ туслах гэж л амьдардаг юм шүү дээ” гэсэн үг. Үүнийг би сүнсний зорилго гэх үү, амьдралын чиг шугамаа гэх үү болгох ёстой, мэргэжлээ ч энэ дагуу сонгох хэрэгтэй юм байна гэж шийдсэн. Харин хүнд тусалдаг мэргэжил гэхээр нэгт эмч, хоёрт хуульч байсан л даа. Би эмч болох хэмжээний зоригтой биш, тэгээд л МУИС-ийн Хууль зүйн сургуульд орж төгссөн. Хуульчаараа бас нэг хэсэг ажилласан.  

-Гүрийж төгссөн үү, дурлаж төгссөн үү?

-Үнэнийг хэлэхэд гүрийж л төгссөн. Гэхдээ хэзээ ч дуу бичихээ болиогүй. “Бидний хооронд”, “Амлалт” гээд тэр үед зохиосон дуунуудын маань зарим хоёр дахь цомогт орсон байгаа.

-Хууль төгсөөд урлагийн салбарт орсон олон хүн танина. Энэ бас уран бүтээлч хүнд хэрэгтэй олон талын төлөвшил, мэдлэг олгодог салбар шиг санагдсан шүү?

-Үнэн, үнэн. Наад зах нь дэг журам, цаг барих мэтэд бол сайн суралцдаг юм билээ. Хуулийн сургуульд орсондоо гэхдээ харамсдаггүй шүү. Гүрийсэн үү гэвэл гүрийсэн. Гэхдээ хүний хийх ёстой зүйл ямар нэг зовуурьгүй гардаг юм билээ л дээ. Яг одоо миний хийж байгаа ажил шиг. Эргээд харахад би тэндээс тэвчээрийг сурсан. Хийсэн л сонголт хойно эцсийг нь үзэх ёстой гэж бодсоор төгссөн. Миний буруу сонголт зөв зам руу хөтөлжээ гэж бодож явдаг. Үүний хэлбэл манай хуулийн багш нар гомдохгүй байгаа даа.

-Урлаг хийхэд тэвчээр яриангүй чухал.

-Сэтгэл хөдлөл нь тэнцвэртэй бус над шиг хүмүүс тэвчээрийг л эртнээс сурах ёстой юм билээ. Төгсөөд Нийгмийн даатгалын ерөнхий газарт, Соёлын яаманд ажилласан. Нийгмийн эмч л гэсэн хойно тэсээд байсан, тэсээд л байсан. Гэхдээ хүмүүст тусалж байж болох ч тэр хүмүүс дотор өөрөө багтдаг гэдгээ мартчихсан байсан. Ингээд больё доо, Монголоос ер нь явъя гэж бодсон. Тэр ажлыг өөрийгөө их хэмлэж хийдэг байсан гэх юм уу?

-Төрийн албан хаагч болоод, дараа нь Монголоос явах гэж байсан эгзэгтэй ийм нөхцөлд хамтлаг байгуулах тохиол хэрхэн бий болов?

-Монголоос явахын өмнө манай сайн найзын төрсөн өдөр болох гэж байлаа. Энэ найздаа зориулж хийсэн нэг дуу бий л дээ, үүнийгээ студид бичүүлж, төрсөн өдрөөр нь бэлэг барья гэж бодохгүй юү. “Бидний хооронд” гэдэг дуу. Гэтэл ертөнц үйлчилж байгаа юм шиг, “The Library Records”-оос шинэ артист хайж байна, дэмжихэд бэлэн гэж зар тавьсан байхыг үзлээ. Би юмыг яаж мэдэх вэ, шалгарчихвал нөгөө дуугаа бичүүлье гээд “Үүр цайхад”-ыг, үгтэй нь явуулчихсан юм. Гэтэл намайг сонгочихсон байсан. Манай продюсер яг энэ өрөөнд уулзаад, “Бидэнд хамтлаг бий. Харин яг чам шиг өөрөө үг, аяа зохиодог артист хэрэгтэй байна, чамайг л авмаар байна” гэж санал тавьсан. Ингээд л би саналыг хүлээж авсан. Бид хоёр жил зөвхөн бэлдсэн. Хоёр жилийн дараагаас анхны бүтээлүүдээ олон нийтэд цацаж эхэлсэн.

-Бэлдэж байгаад цацах бол зөв стратеги юм байна шүү.

-Харин тийм. Миний зохиосон, хамтлагийнхны урьд эхлүүлчихсэн байсан дуунууд нийлж хорших, нэгдэх, бие биенээ танихад тодорхой хугацаа хэрэгтэй байсан. Манай хамтлагийнхан бүгд мэргэжлийн хөгжимчид. Ерөөсөө тогло гэснийг тоглочих өндөр чадвартай тул залуу хамтлагт тулгардаг нэг нэгнээ бэлдэх, туршлагажуулах асуудал гараагүй. Хамгийн залуу, туршлагагүй нь гэвэл би л орж ирсэн хэрэг.

-Юу гэж боддог вэ, энэ олдсон боломжийг?

-Хувь тавилан. Би тэгэхэд Ирланд явах гэж байсан юм. Тэгсэн чинь хамтлагийнхны өмнө нь сонгочихсон байсан дуучин Ирланд яваад, би үлдсэн юм билээ. Солигдож байгаа юм шиг. Бэлдэж байх хоёр жилийн хугацаа бас их тэвчээр шаардсан. Хөгжмөөс өөр юу ч хийхгүй байгаа юм чинь, манай гэр бүл “Дуулдаг байсан юм уу, хуульчаар төгсчихөөд юу хийгээд байна?” л гэж бодсон байх даа.

-“The Royal Heartaches” гэж энэ тансаг нэр хаанаас гарсан бэ?  

-Бид хамтлагтаа нэр өгч чадахгүй нэлээд хэсэг хугацааг өнгөрөөсөн юм. Гэтэл Magnolian ах ирж, нэрсийн хувилбар санал болгосон л доо. Тэдний дундаас шууд нүдэнд туссан нь энэ байлаа. Хамтлагийн ахлагч, продюсер хоёр маань ч бас санал нэгдсэн.

Би бүх зүйлийг өвдөлтөөр дуусдаг гэж боддог. Үнэн зүйлс хамгийн их өвтгөдөг. Үнэн өөрөө хамгийн үнэ цэнтэй. Тийм ч учраас өөрийн гэсэн тансаг оршихуйтай байдаг... Ийм үүднээс тайлбарлах дуртай. Гэхдээ одоо бол би өөрөө өөрийгөө л өвтгөдөг юм болов уу гэж бодох болжээ. Хайр хүнийг өвтгөдөг л гэж боддог. Гэвч сүүлийн үед өвтгөдөггүй хайр гэж байдаг ч юм шиг санагдаж байгаа.

-Боломжгүй байх л даа.

-Харин, уг нь боломжгүй шүү дээ. Миний эргэн тойрны хүмүүс нөлөөлж байна уу? Миний л бодлоор хайр өвтгөдөг. Хамгийн их.

-Хоёр жил бэлдэх амаргүй байсан гэдэг нь юуны тухай яриа вэ?

-Би өөрөө өөртөө л хүндээр тусгаж авч байсан юм билээ. Над шиг ийм хүн хамтлаг төлөөлж тайзан дээр гарч чадах уу, үгүй юу? Олон хүний өмнө гараад яг дуулж чадах уу? Ийм бодлууд байнга төрөөд, түүнийгээ л даван туулах гэж хичээж байсан.

Манай бөмбөрчин л гэхэд “The Lemons” хамтлагийнх, 25 жилийг тайзан дээр өнгөрүүлж байгаа. Би тэгтэл жаахан охин орж ирчихээд, энэ мундаг хүмүүсийг төлөөлнө гэхээр нэг л сонин, ачаа дарамт мэдэрч байсан. Гэхдээ хүмүүст дуу маань таалагдах болов уу, энэ дуу явах болов уу гэж хэзээ ч бодоогүй. Аажимдаа, “Миний дуу хоолой бусдад бага ч атугай нөлөөлж болох юм” гэж бодогдож эхэлсэн. Ингээд дуу маань бусдад ямар нэгэн байдлаар хүрч, сэтгэгдэл үлдээж, ерөнхийдөө тус л болж байвал гоё юм байна гэж бодоод хүлээн зөвшөөрсөн.

-Хамтлагийнхнаасаа энэ хугацаанд юу сурсан бэ?

 -Хамтлагийн маань ахлагч надтай төстэй маягийн хүн. Гэхдээ эрэгтэй хүн болохоор тэр үү, шантрах, гуних эрхгүй юм шиг тэвчээр заан хөдөлмөрлөж чаддагаас нь их зүйл сурсан. Би шууд л уйлчихаж байхад тэр хэзээ ч тэгэхгүй. Нээрэн л эрэгтэй хүн уйлж болохгүй гэж үү гэмээр. Энэ тэвчээр үү, юу вэ, мэдэхгүй. Эрэгтэй хүн ер нь тоогоогүй, сонсоогүй мэт харагдавч дотроо ихийг тээж, даван туулж байдаг шиг. Хэцүү байсан ч үүнийг хийдэг. Эмэгтэй хүнд байдаггүй чанар бол энэ шиг санагдсан. Бид маргаантай байсан ч, амьдралд нь гунигтай зүйл тохиолдсон ч “Энэ мөчөөс нэг зүйл гарна” гэж хэлээд гитараа бариад суучихна. Гэтэл би бүгдийг “унтрааж”, гунигтайгаа ганцаар нүүр тулан үлддэг.

Гэхдээ хүмүүс гунигтай байж болохгүй мэтээр хандаад байна. Сүүлдээ бодлыг маань ч хязгаарлах гээд байгаа юм шиг санагдах болсон. “Нулимснаасаа ичээд яах вэ, зарим талаар энэ хорвоогийн тоос буртгийг арилгах хүчтэй эд” гэдэг дээ. Би ийм хүн байна, үүнийгээ хүлээн зөвшөөрөх гээд явж байна. Гэтэл бусад хүн учиргүй гайхширч хандаад байгаа нь жаахан төвөгтэй.

-Ийм хандлага олон хүнээс авсан уу?

-Тийм. “6х6” гарсны дараа бүр их. Эрэгтэй хүнтэй танилцах үед намайг нэг л тийм шархалчихсан эмэгтэйн дүрээр хараад байдаг болчихсон. Шархлах ч юм шиг. Гэтэл би гунигаа гаргаад л явуулчихсан байгаа шүү дээ. Тайзан дээрх нулимс бол сэтгэл хөдөлсний, баярын нулимс байсан. Хүмүүс сүүлдээ маркетинг гэж байх шиг, “Экс нь үргэлж урд нь гарч ирж уйлуулахаа болиосой” ч гэх хэлэх шиг. Нэг л ялгахгүй байгаад байна уу даа гэж бодсон. Гэхдээ уран бүтээлийг тайлбарлах албагүй байдаг.

“Дуулах яах вэ, уйлаач. Одоо уйлахыг нь харчихвал явлаа” гэдэг үг бол хүнд туссан.

-Ямар бүдүүлэг юм бэ, шууд тэгж хэлж байгаа юм уу?

-Тийм, үзэгчдийн эгнээнээс шууд надад хандаад.

-Уйлах тухай яриа ер нь ноднингийн “Playtime”-аас хойш гарч ирсэн үү?  

-Харин тх. Би жүжигчин биш шүү дээ. Яаж уйлахыг маркетинг гэж харж чадаж байна аа. “Playtime” дээр бол үнэхээр сэтгэл хөдөлсөн. Хүмүүс төв тайз руу биш биднийг үзэх гэж тэр холоос шороо татуулан гүйж байсан. Нэг хүн бүр уначихаад, босож ирээд гүйсэн. Надад тайзан дээрээс харагдаад байгаа юм. Тэгээд л өөрийн маань хоолой сонсогдохгүй хэмжээнд дагаж дуулаад л... Эцсийн эцэст би хүнд хэрэгцээтэй  ч байгаа юм шиг...

-Нөгөө зүйлдээ хүрсэн юм шиг?

-Тийм. Би яах вэ, шархалсан байж болно. Гэхдээ би том мөрөөдөлтэй эмэгтэй хүн. Энэ маань намайг догдлуулдаг. Би бас нулимсаа захирч чаддаггүй. Гэхдээ оршиж, уран бүтээл хийж байгаа маань хүмүүст ханьтай мэдрэмж төрүүлэх л юм бол сайхан.

-Урлаг, тэр дундаа дуу хөгжмийн мөн чанар нь бусдад хань болох. Би ганцаараа биш юм байна гэсэн мэдрэмжийг өгч чаддаг. Харин хүмүүсийн шархалсан дүрээр хардгийн шалтгаан хуучин найз залуу нь уу. Тоглолтын үеэр түүнд зориулсан дуугаа анхлан дуулахад өөрөө ирчихсэн үзэж байсан гэж үнэн үү?

-Ирэхийг нь би мэдэж байсан юм аа. Юу гэх юм дээ, миний хувьд анхны гэсэн зүйл бүр үнэ цэнтэй санагддаг юм. Анх удаа, амьдаар дуулъя гэж тэр дуугаа дуулсан. Тэгээд л ваннтай уснаас бөглөөг нь авчих мэт болсон. Онгойгоод л явчихсан. Түрүү жилийн зургадугаар сарын 6-нд болсон анхны тоглолтын үеэр юм. Тэр хүнд ямар санагдсаныг мэдэхгүй л дээ. Хожим нь хэн гэдгийг нь мэдье гээд хүмүүс их эрж сурсан, өөрт нь төвөгтэй байсан юм шиг байна лээ. Би уучлал бол гуйхгүй, энэ бол миний л мэдрэмж байсан. Өвдөлт нь үнэн л байсан юм чинь.

-Үүнээс хойш гуниг, шарх гайгүй болчихсон уу?

-Тэр хүний тухайд бол тийм. Дуугаараа тавьж явуулж чадсан. Харин одоо надаас хайраас болж шархалсан биш, “Гунигаа л ер даахгүй байна даа” гэсэн шүлгүүд гарч байна. Үүнийгээ ч бас үгүйсгэхийг хүсэхгүй байгаа. Шинэ цомогт орсон “УргахУй” гэж дуу бий. Энэ бол одоогоор миний бичсэн хамгийн сэтгэл ханамжтай үг. Одоогийн өөрийгөө төгс илэрхийлж чадсан гэмээр.

-Хайр өвтгөдөг гэдгийг хүн дотно харилцаанаас мэдэрдэг гэвэл эхлэл нь тэр хүнээс үү?  

-Анхны хайр гэдэг үүднээс харвал тийм байх. Гэхдээ миний хайр өвтгөдөг гэсэн санаа түүнээс өмнө, бүр багад суусан шиг байна. Тав, зургаан настайдаа л аав ээж мөнх бус юм байна, хэн ч надтай хамт үргэлж байхгүй юм байна гэдгийг хүчтэй бодож байснаа санадаг. Яагаад намайг бүгд орхиж явах юм бол оо гээд л ганцаар уйлж суудаг байсан. Ганцаараа үлдэнэ гэдэгтээ урьдаас бэлтгэх ёстой юм шиг... Тэгэхээр тэр санаа бол миний хайртай хүмүүс хэзээ нэгэн цагт явна гэдгээс, эртнээс үүдэлтэй. Би хэр чинээнд өвдөнө, төдий хэрээр л хайртай байж таарна. Намайг орхиод явна даа гэсэн айдас, нөгөө нэг ганцаардлууд бодогдсоор бодогдсоор шүлэг болоод гараад байгаа юм шиг санагдсан.

-Салалтын дараах шаналал хүнийг орхих гэж багадаа 2-3 жил лав болдог шүү дээ. Харин хүн бүр үүнийг өөрийнхөөрөө даван туулдаг.  

-Би бол тэр шарх орхидоггүй гэж боддог. Аньдаг байж болно, гэхдээ шарх хойно сорви үлдээдэг. Тэгээд, түүнтэйгээ л цааш амьдардаг. Үлдээсэн дурсамж нь хааяа сөхөж харахад дулаан, дулаацуулдаг.

-Зарим хүн үзэн ядалт болгож хувиргаад даван туулдаг. Ер нь уучлах ёстой гэдэг. Яаж тавьж явуулдаг эд шиг санагдсан бэ?

-Нүүр тулах, хүлээн зөвшөөрөх. “Энэ хүний сонголт ийм байжээ, би өөрөө бас ийм хүн байжээ” гээд хүлээн зөвшөөрөх. Үнэхээр хайрласан хүндээ муу зүйлийг хүсэж чадахгүй. Надад өгсөн гунигт нь хүртэл заримдаа баярламаар санагдуулна. Учир нь тэр гуниг маш олон зүйлийг ойлгуулж үлдээсэн байдаг. Үнэхээр чин сэтгэлээсээ хайрласан бол үзэн ядаж чадахгүй, харин ч надаас аваагүй зүйлээ өөр хүнээс авч, илүү аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг юм билээ.

-Эргэн дурсахад хүүхэд насандаа нэг л ганцаардангуй, гуниглуу байсанд нь юу нөлөөлсөн юм шиг санагддаг вэ?

-Одоо ч орчин үеийн хүүхдүүд бусдаас өөр байдлыг хүлээн зөвшөөрдөггүй юм билээ. Бусдаас өөр байх нь буруу зүйл биш ээ гэдгийг багаас нь л ойлгуулмаар шиг. Би ичимхий, дуу цөөтэй, дээр нь өндөр том биетэй учраас өөр гэсэн ялгамжийг хүчтэй мэдэрч байсан. Одоо бол ялгаварлан гадуурхалт бүр өмссөн хувцас дээр ч яригддаг болсон юм билээ. Хүүхэд мөртлөө бусдыг материаллаг байдлаар дүгнэж, ялгаж байвал ирээдүйд ямар аймшигтай зүйл болох вэ? Хүн бүр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй, сайн сайхан зан чанартай гэдгийг ойлгуулбал хүүхэд насны тэр эдгэшгүй шархууд арай багасна шүү дээ.

Би чинь айлын дунд, юм ярья гэсэн ч сонсоод ойлгохгүй байх даа л гэж боддог байсан. “Бүгд хэзээ нэгэн цагт үхэх юм байна” гэж яривал тэнэг ш дээ. Гэхдээ манай гэр бүлийнхэн бол маш сайхан хүмүүс, сонсохгүй биш сонсож чадна. Гэхдээ ойлгохгүй байх аа, хүнд ачаа үүрүүлж байснаас өөртөө л хүлээж авъя гэж бодож байсан. Одоо ч тэр ижил.

-Харин одоо уран бүтээлээр дамжуулж өөрийгөө илэрхийлэхээс гадна бусдад өгөх том боломжийг атгалаа шүү дээ. Энэ мэдрэмж ямар вэ?

-Хүнд хэрэгцээтэй хүн байх гоё. Туслах гоё, ялангуяа дуугаараа дамжуулж туслах бүр гоё. Харин амьдарч байх хугацаандаа үүнийг хангалттай хийх нь үү, артист мөн юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөхгүйц дуу хийж чадах нь уу, тийм үг надаас гарах нь уу... Хэр удаан амьдрахаа хэлж мэддэггүйн хувьд, тэврэлт шиг дуунууд хийхийг л хүсдэг. Хэрэгтэй үед нь “Би ч гэсэн үүнийг мэдэрч үзсэн, чи ганцаараа биш шүү. Чи ерөөсөө хангалтгүй биш шүү. Иймд тэсээрэй” гэсэн үгсийг дуугаараа дамжуулж хэлэх. Нөгөө талаар дуулж байхдаа давхар өөртөө хэлж байгаатай адил тусдаг.

-“УргахУй” гэсэн шинэ цомог бүхэлдээ ямар онцлогтой юм бэ. Хувирал, өөрчлөлтийн тухайд?

-Эхний цомогтой харьцуулахад хөгжмийн найруулга их минималист. 3-4 нь нэлээд гуниглангуй үгтэй дуу бий. “Алдсан ч зүгээр ээ, хүн бүр алддаг” гэсэн дуу ч байгаа. Амьдралдаа анх удаа гэгээлэг хайрын дуу бичиж чадсан маань бас бий. Эхний цомог бол нэлээд холимог шинжтэй. Хоёр дахь цомогт маань нэг англи дуунаас бусад нь миний шүлэг. Хараад байхад өөрийгөө илүү насанд хүрч байна уу даа гэж бодсон. Мэдэрдэг гуниг ч арай өөр түвшний болж ирсэн мэт. “УргахУй” дээр үүнийгээ илэрхийлж чадсан. Хүн бүр намайг шархалсан, хаягдсан дүрээр төсөөлж байсан бол, “Хүн ганцаараа байсан ч хангалттай, заавал бүхэллэг байдлыг мэдрэх гэж хичээх хэрэггүй. Үнэн хэрэгтээ хэн ч ганцаараа байдаггүй шүү” гэдгийг ойлгуулахын тулд “Биш байж” дуугаа бичсэн. Бас хууралт бол үнэхээр байж болшгүй зүйл. Манай үеийнхэн хууралт хэрээс хэтэрсэн, хүн бүр л хуурна, үүнийг бараг хүлээн зөвшөөрөөд амьдар гээд байна. Би үүний эсрэг баймаар санагдаад “Биш байж”-ийг зохиож байсан. Би хувьдаа үүнтэй хэзээ ч эвлэрч болохгүй гэж боддог. Хэн нэгний ганц болж чадахгүй бол эхлээд өөрийнхөө ганц нь байх хэрэгтэй шүү дээ. Сэтгэл нь бүхэл байгаа хоёр хүн нэгнээ эрүүлээр хайрлах юм байна гэж үүнийг бичсэн.

-Өнөөгийн залуусын хооронд үерхэл гэдэг сэдэв төвөгтэй болсон шиг ээ. Үнэхээр чин сэтгэлийн дурлал, хайр цөөн ажиглагдах, ерөнхийдөө л гүнзгий харилцаа эхлүүлэхээс болгоомжилж дөлсөн маягтай?

-Харин тийм. Энэ сэдэвт аягүй хөнгөн ханддаг болжээ. Үерхэж байгаа эсэх нь үл мэдэгдэх, үүнийгээ situationship гэж нэрлээд. Би үүний аягүй эсрэг байдаг аа. Үргэлж жинхэнэ хайранд итгэдэг. Хайр гэдэгт заавал эрэгтэй, эмэгтэй хүнийг хамруулж ярихгүй шүү дээ. Хаа нэгтээ хайр бий. Тийм гүнзгий дурлал байгаа байх аа. Олоход л хэцүү байгаа болов уу гэж бодохыг хүсэж байна.

-Тодорхой хэмжээд олны танил байхын сөрөг талууд хэр байна вэ. Нэг удаа тайзан дээр уйлсан тэр төрхөөр, эсвэл нэг дууны агуулгаар бүгдийг дүгнэж, имиж үүсгэж хараад байхаар өөрийгөө үнэнээр нь илэрхийлмээр санагддаг уу?

-Олны танил болохоор хүн бусдад нөлөөлөх чадвартай болдог. Гэхдээ би нөлөөлөгч байж чадахааргүй зан чанартай хүн байхгүй юү. Харин уран бүтээлээрээ л нөлөөлж чадна, үнэхээр нөлөөлөх ёстой бол. Би зүгээр л хөгжим хийх ёстой. Гадуур явахдаа хүн амьтанд танигдмааргүй байна энэ тэр гэсэн мэдрэмж бол байдаггүй. Угаас ичимхий учир бүрэг ааш араншин л юуны өмнө илэрч гардаг болохоос, “Та тэр дуучин мөн үү?” гээд танивал үнэхээр дуртай хүлээж авдаг. Энэ бол амьдрах хүч өгсөн, амьдрах урам зориг бэлэглэсэн мөч байдаг. Гоё мессеж хүлээн аваад, хүмүүс өөрийнхөө хайрын түүхийг хуваалцаад ирэхээр би буцаад тэдэнд юу өгч болох вэ гэж боддог. Үүн дээрээ бас нэлээд шаналдаг. Нөгөөтээгүүр, би тэр их хайрыг зүгээр л хүртэх эрхгүй гэж бодоод байгаа юм байна. Сүүлд манай нэг найз, “Битгий тэгж шанал аа. Хөгжмөө хийгээд байвал л тэр чиний өгч чадах хариу” гэж хэлсэн. Зогсолтгүй хийгээд л байх нь миний “Баярлалаа” гэдэг тус, хариу юм байна гэж бодсон. Заримдаа “Дааж чадахгүй нь ээ” гэмээр гоё зүйлсийг сонсогчдоосоо авдаг. Гэхдээ үүнийг хүртэх эрхтэй эсэхээ сайн мэддэггүй.

-Яагаад тэгж эргэлзээд байдаг юм бол?

-Өөртөө л эргэлздэгээс тэр юм болов уу. Уг нь “Баярлалаа” гээд л хүлээгээд авчихвал болно. Гэтэл би заавал яаж хариуг нь барих вэ?... гээд л.

-Уран бүтээлч хүн мөн чанартаа өөртөө бат итгэсэн байдаг. Итгэсэн байж гэмээнэ бүтээл гардаг. Тэгэхээр ийм талын эргэлзээ бол биш байна?

-Тийм, уран бүтээлтэй холбоотой эргэлзээ биш. Харин миний хувийн өөртөө эргэлздэг зан чанарынх юм болов уу. Хамтлаг байхын сайхан тал энэ л дээ. Намайг хүнд үед тэвэрч аваад л цааш явдаг. Би биш бид гэдэг өөрөө хүчтэй нөлөөлдөг.

-Том мөрөөдөлтэй гэж сая хэлсэн. Энэ ямар мөрөөдөл вэ?

-Миний хамгийн том мөрөөдөл бол ээж болж үзэх... Багадаа бол дуучин болохыг мөрөөддөг байсан. Одоо мөрөөдлөөрөө амьдарч, гайхалтай хүмүүстэй учирсан. Одоо харин ээж л болоод үзчихвэл... Миний хамгийн нандин мөрөөдөл энэ гэх үү дээ. Яг ээж шигээ сайн ээж болохыг хүсдэг.

-Ярилцлагын эхэнд чи багадаа дуучин болохыг мөрөөддөггүй байсан гэсэн санагдана. Харин сая өөрийг хэллээ, аль нь үнэн бэ?

-Мөрөөддөг ч биелэхгүй гэж боддог байсан учраас тэгж хэлсэн хэрэг. “Би чадахгүй ээ” л гэж боддог байсан. Одоо бас тайзан дээр гарахын өмнө дандаа зүүд шиг санагдана аа. Эргээд харахад 100-150 удаа бол тайзан дээр гарсан байх аа. Түгшүүр ч бий, тухайн үед мэдэрч байгаа мэдрэмж ч бий, үүнээс шалтгаалж нүдээ аньж дуулдаг. Хүмүүсийг хармааргүй байгаадаа биш, нүдээ анивал илүү сайн мэдэрдэг гэх үү дээ.

-Зургадугаар сарын 6-нд болох хамтлагийн хоёр дахь бие даасан тоглолтын талаар яриач, энэ бусад тайзнуудаас юугаараа өөр вэ?

-Энэ бол бидний бие даасан хоёр дахь удаагийн тоглолт. Урьдын адил голдоо тайзаа засна. Тийм учир би болон хөгжимчид маань үргэлж явж, хөдөлж тоглох болдог. Мөн зочин артистаар бидэнд маш чухал, нандин хүн ирж байгаа. Энэ бол Magnolian. Хоёр цомгийн 20 гаруй дуу дуулна. Би ер нь тоглолт дээрээ л цомгийнхоо дуунуудын зохиогдсон утга санаа, түүхийг ярьдаг. Бусад тайзан дээр ер юм ярих дургүй. Харин яг хамтлагийн ийм тоглолт дээрээ илүү их ярих, өөрийгөө хуваалцахыг хүсдэг. Энэ л бие даасан тоглолот гэдэг үүднээс онцлог, амин сүнс нь гэж бодож байна.

-Бид их олон сэдвээр ярилцлаа. Гунигийн талаар ч ярилаа. Гэхдээ л хүн амьдраад байдаг. Чиний хувьд хөдөлгөгч хүч нь юу вэ?

-Одоогоор намайг хөдөлгөгч хүч бол… дуу хөгжим маань л юм даа. Дуу хөгжмөөрөө л амьдарч байгаа хүн юм байна. Дээр нь биелэхгүй нэг мөрөөдөлтэй, ийм хүн байна (Инээв).

-Тийм ээ, бусдад ч бас итгэл найдвар хайрлах нь гэгээлэг зүйл. Б.Батрэгзэдмаа агсан өөрөө хүнд гунигтай ч үргэлж бусдад итгэл найдвар хайрлан шүлэглэж байсан шүү дээ. “Хэн нэгэн байгаа гэдэгт итгээрэй” гэдэг.

-“Нулимсыг чинь хүртэл хайрлах хүн бий гэдэгт итгээрэй” гэдэг. Би энэ шүлгийг нь уншаад их сонин болж байсан юм аа. Цөхрөлд очиж үзсэн хүмүүс бусдад итгэл найдвар хайрлаж, түүгээрээ дамжуулан давхар өөртөө ч бас “Итгээрэй” гэж хэлдэг юм болов уу. Би өөртөө зориулж дуу зохиодог шиг. Харахад миний дууны үгс ч бас тийм болсон байна лээ. “Энэ бүхэн ард хоцорсон”, “Ирэх өдрүүдийг олно оо” ч гэдэг юм уу. Итгэл найдвар бол бүх зүйл гэдэгт итгэхийг хүсэж байгаа.

Ярилцсан: М.Тэнгис

4
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.