Мобиком Корпораци Asian Telecom Awards-аас 2026 оны "Монголын шилдэг харилцаа холбооны компани” шагналыг хүртлээ
“Asian Telecom Awards” нь 2003 оноос хойш “Telecom Asia” сэтгүүлээс жил бүр зохион байгуулж буй, Ази Номхон далайн бүс нутгийн харилцаа холбооны операторууд болон технологи, инновацын манлайлагчдыг тодруулдаг нэр хүндтэй олон улсын шагнал гардуулах хөтөлбөр юм. Өмнөх жилүүдийн шагналтнууд дунд Singtel, KDDI, Vodafone Fiji зэрэг бүс нутгийн болон дэлхийн хэмжээний томоохон операторууд багтаж байсан нь тус шагналын цар хүрээ, нэр хүндийг илтгэнэ. Энэ жилийн шагнал гардуулах ёслолоор “Мобиком” корпораци “Шилдэг харилцаа холбооны компани”-аар шалгарч, Монголын харилцаа холбооны салбарын өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд баталлаа.
“Мобиком” корпораци нь 3.5 сая хүн амтай Монгол Улсад 1.8 сая гаруй гар утасныхэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж буй үндэсний хэмжээний оператор юм. Тус компани мобайл болон суурин интернэт, байгууллагын ICT, финтек болон дижитал үйлчилгээний цогц шийдлийг улс орон даяар хэрэглэгчид болон байгууллагуудад хүргэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тус корпорац нь Телеком компаниас Технологийн компани болох шилжилтээ эрчимжүүлж, дараагийн үеийн сүлжээний хөгжил, дижитал платформуудын өргөтгөл, хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллажээ.
Энэхүү стратегийн шинэчлэл нь үндэсний дижитал хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн боломжийг тэлэхэд бодит хувь нэмэр оруулж, компанийг инновац болон тогтвортой хөгжлийн чиглэлээр салбартаа жишиг тогтоогчдын нэг болж байна. 2025 онд 5G NSA сүлжээг нэвтрүүлж, Улаанбаатар хот, 21 аймгийн төв болон 12 сумыг хамарснаар “Мобиком” улсдаа хамгийн өргөн хамрах хүрээтэй, өндөр хурдны сүлжээг бүрдүүлсэнд тооцогдож байна. Мөн VOO контент платформ, Sonsy финтек үйлчилгээ, Mobilife дижитал даатгал зэрэг хэрэглэгчийн амьдралын хэв маягт нийцсэн дижитал экосистемийг хөгжүүлэхэд анхаарч, хиймэл оюунд суурилсан автоматжуулалтаар хэрэглэгчийн туршлагыг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ.
Үүнээс гадна НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг стратегийн бодлогодоо тусган хэрэгжүүлж, 37,000 сурагчийг дижитал боловсролоор хангах, санхүүгийн хүртээмжийг улс даяар тэлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зэрэг бодит үр дүнг бийболгож байна.
Монголын үүрэн холбооны ууган компани 30 жилийн ойн босгон дээрээ “Монголын шилдэг харилцаа холбооны компани” шагналыг хүртсэн нь салбартаа онцлох томоохон үйл явдал боллоо.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.