МАН улс төрөөс явсан хүмүүсээр өнөөдрийн хагарлаа эвлэрүүлнэ 

unnu.news
5 өдрийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр өргөтгөсөн байдлаар хуралдсан. 

Үүгээр намын дотоод асуудал ба намаас хальж төрийн хямралын хэмжээнд очоод байгаа хагарал, талцлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх чигтэй байв. 

Бид өчигдөр мэдээлсэнчлэн, 

  • УИХ дахь МАН-ын бүлгийг хэнээр удирдуулах вэ, хоёр хуваагдсан байдлыг хэрхэн нэгтгэх вэ
  • Намын даргаар Д.Амарбаясгаланг батламжлах уу, Их хурлаар дахин сонгууль явуулах уу зэрэг хэд хэдэн асуудлын хүрээнд Удирдах зөвлөл хуралдсан юм.

Харин өчигдөр алин дээр нь ч тодорхой шийдвэрт хүрч чадаагүй байна. Гэхдээ хоёр тал болж хуваагдчихаад байгаа өнөөдрийн нөхцөл байдалд Эвлэрлийн ажлын хэсэг гэдгийг байгуулахаар болжээ.

Эвлэрлийн ажлын хэсэг нь товчхондоо Д.Амарбаясгалан ба Г.Занданшатар гэсэн талуудын хооронд ойлголцол авчрах үүрэгтэй. 

Мөн уг ажлын хэсгийг ЭЗХ-ийн сайд асан Ч.Хүрэлбаатараар ахлуулсан байна. Түүнчлэн Ерөнхий сайд асан С.Баяр, ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд нар багтжээ.

Ч.Хүрэлбаатарын хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт өрсөлдөж, ялалт байгуулж чадаагүй. С.Баяр гэмт хэрэгт холбогдож, ял эдэлснээс хойш багагүй хугацаанд улс төрөөс хол яваа хүн. Ц.Нямдоржийн хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаад, мөн улс төрөөс холдсон. М.Энхболд бол "Шударга тав"-ын эхлүүлсэн улс төрийн акцаар УИХ-ын даргаас буусан, "60 тэрбум"-ын хэрэгт холбогдсон зэргээр мөн л улс төрийн нөлөө, оролцоогүй удаж байгаа юм. 

Иймд өнөөдөр шууд үүрэг, нөлөөгүй яваа ахмад үеийн хүмүүсээсээ МАН "эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ" авах шийдэлд хүрсэн аж. 

Ойр ажиллаж, байр суурийг нь дэмжиж байсан намтраараа С.Баяр, Ц.Нямдорж нарын хувьд Д.Амарбаясгалангийн талыг төлөөлөх боломжтой. Харин М.Энхболд мэдээж Г.Занданшатарыг дэмжинэ. Өөрийг нь "60 тэрбум"-аар шалтаглан улс төрөөс явуулсан үеийнхэнд найр тавихгүй нь тодорхой. 

Ч.Хүрэлбаатар хэдийгээр  Засгийн газарт нь ажиллаж байсан ч сонгуульд ялалт байгуулаагүй шалтгаандаа Л.Оюун-Эрдэнийг, Д.Амарбаясгаланг буруутгаж, харддагаа нуудаггүй юм. Мөн МАН доторх үе үеийн фракцаар нь ангилж харвал, Г.Занданшатар талд зогсох хүн мөн. 

Ийнхүү МАН-ын Их хурлаас өмнө асуудлыг цэгцэлж авах үүрэг тэдэнд ноогдож байна.

Мэдээж ойлголцолд хүрэхийн тулд талууд эрх ашгаа хөшигний ард наймаалцана. Харин ямар эрх ашиг наймаалцсан нь цаг хугацааны явцад ойлгомжтой харагдах билээ.

Одоо л намаа нэгтгэж авахгүй бол наанадаж УИХ-ын үйл ажиллагаа ихээхэн ойлгомжгүй нөхцөлд орсон, цаанадаж тэднийг 2027, 2028 оны сонгууль хүлээж байгаа билээ. Ардчилсан нам яг ингэж хагараад, иргэдийн итгэлийг алдаж, хоёр дараалан парламентын сонгуульд олонх болж чадаагүй гашуун сургамжтай. 

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.