Монголын соёл, урлагийн түүхэнд онцгой үйл явдал тохиож байна. Монголын их соён гэгээрүүлэгч, Анхдугаар богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазарын хосгүй бүтээлүүд анх удаа Европт, тэр дундаа Италийн Ром хотын "Galleria Borghese"-д дэлхийн барокко урлагийн сор болсон бүтээлүүдтэй зэрэгцэн олон нийтэд толилуулж эхэллээ.
Үзэсгэлэн 2026 оны 1-р сарын 20-ноос 2-р сарын 22-ны хооронд үргэлжлэх бөгөөд Ромын Боргезе галерей, Турин хотын Азийн урлагийн музей хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгөөс Занабазарын Ногоон Дарь эх болон өөрийн хөрөг бүхий алтадмал хүрэл баримлыг дэлгэн үзүүлж байгаа юм.
Эдгээр бүтээлийг “Дэлхийн барокко” хэмээх үзэл санааны дор толилуулж, XVII зууны Дорно ба Өрнийн урлаг, оюун санааны харилцан нөлөөллийг нэг танхимд харуулж буйгаараа уг төсөл онцлогтой.
Бароккогийн хоёр их суутан: Бернини ба Занабазар
Өрнийн барокко урлагийн хамгийн тод төлөөлөгч, барималч, зураач, уран барилгач Gian Lorenzo Bernini (1598–1680)-ийн амьдарч асан тэрхүү зуунд, Ази тивд түүнтэй эн зэрэгцэхүйц суут оюун ухаантан төрөн гарсан нь Өндөр гэгээн Занабазар (1635–1723) байв.
Чингис хааны алтан ургийн язгууртан Эшидорж хэмээх нэрээр мэндэлсэн Занабазар Монгол дахь Төвөд буддизмын Гэлүгба ёсны тэргүүн, Анхдугаар богд Жавзандамба хутагт болж, шашин, соёл, урлаг, хэл шинжлэл, бичиг үсгийн хөгжилд гүнзгий ул мөр үлдээсэн түүхэн хүн юм. Тэрбээр Соёмбо бичгийг зохиож, буддын урлагийг Монголын ахуй, гоо зүйн мэдрэмжид нийцүүлэн шинэ түвшинд хүргэсэн суут барималч байлаа.
Бернини Европт, Занабазар Азид хоёр өөр соёлын орчинд ажилласан ч хоёул уламжлалт сэдэв, дүрслэлийг шинэлэг хэлээр дахин тайлбарлаж, урлагийн шинэ хэлийг бүтээсэн гэдгээрээ түүхэнд ижил байр суурь эзэлдэг.
Хоёр ертөнцийн “яриа” нэг танхимд
Үзэсгэлэнгийн зохион байгуулалт онцгой бэлгэдэлтэй. Занабазарын Ногоон Дарь эх болон түүний төв төвшин, амар амгаланг илэрхийлсэн өөрийн хөрөг баримал нь Боргезе галерейн гол танхимд байрлах Бернинийн алдарт “Прозерпинаг булаасан нь” бүтээлтэй нэг орон зайд “яриа өрнүүлж” буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Дарь эх нь Бурхан багшийн эмэгтэй дүр бөгөөд аврал нигүүлсэл, дотоод амар амгаланг бэлгэддэг бол Бернинийн гантиг баримал нь хөдөлгөөн, эрч хүч, сэтгэл хөдлөлийн оргил илэрхийлэл юм. Хоёр бүтээлийн энэ зэрэгцэл нь барокко урлагийг зөвхөн Европын ойлголт бус, дэлхий нийтийн соёлын үзэгдэл болохыг харуулж байна.
“Дэлхийн барокко” төслийн үргэлжлэл
Энэхүү үзэсгэлэн нь 2025 онд Боргезе галерейд зохион байгуулагдсан “Дэлхийн барокко: Бернинийн үеийн Ром дахь ертөнц” нэртэй томоохон төслийн үргэлжлэл юм. Тус төсөл XVII зууны Ром хотыг худалдаа, дипломат харилцаа, шашин, уран бүтээлчдийн аяллаар дамжин дэлхийтэй хэрхэн холбогдож байсныг харуулсан бөгөөд өнөөгийн даяаршлын эх үндэс тэр үед тавигдаж эхэлснийг онцолсон.
Шинэ үзэсгэлэн нь газарзүй, шашин, материал, техникээрээ тэс өөр мэт боловч бүтээлч сэтгэлгээний хувьд гайхалтай ойр хоёр бүс нутгийн урлагийн харилцааг судалж, олон нийтэд урьд өмнө байгаагүй соёлын харьцуулалтыг санал болгож байна.
Монголын соёлын түүхэнд шинэ хуудас
Занабазарын бүтээлүүдийг Европ, тэр дундаа Италид ийнхүү олон нийтэд анх удаа толилуулж байгаа нь Монголын соёлын өвийг дэлхийн урлагийн түүхийн томоохон ярианд оруулж буй чухал алхам юм. Боргезе галерейн зочдод энэ үзэсгэлэн нь Дорно, Өрнийн урлагийн ялгаа төдийгүй нийтлэг чанар, харилцан нөлөөллийг бодитоор харах боломж олгож байна.
Олон мянган километрийн алсад хадгалагдаж ирсэн бүтээлүүдийг нэг дороос үзэх энэ боломж нь “дэлхийн барокко”-гийн амин сүнсийг илэрхийлэхийн зэрэгцээ Монголын соёл, урлагийн үнэ цэнийг олон улсын түвшинд дахин тодотгож байна.
Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музейн үзэсгэлэнгийн куратор Д.Баярцэцэгийн хөрвүүлгийг ашиглав.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.