"Рио Тинто" зээлийн хүүг бууруулахаа илэрхийлсэн ч "Оюу толгой" ХХК-ийн засаглалыг өөрчлөхгүй гэжээ
"Оюу толгой" ХХК-ийн удирдлагуудтай хийх Засгийн газрын хэлэлцээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор эхэлнэ.
Хэлэлцээний хүрээнд хоёр үндсэн асуудлаар Монголын тал эрх ашгаа хангуулахаар ажиллаж байгаа юм.
Нэгдүгээрх нь, "Рио Тинто" группээс авсан зээлийн хүүг бууруулах. Хувь нийлүүлэгчдийн зээл болох уг зээлийн хүүг долоон жил тутам эргэж харах гэрээний заалт бий. Энэ долоон жилийн цикл 2025 онд таарч байгаа бөгөөд, хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна.
Монголын Улсын зээлжих зэрэглэл сайжирсан, Засгийн газрын болон хувийн хэвшлүүдийн бондын хүү өндөр байгаа зэрэг нь уг зээлийн хүүг эргэж харах нөхцөл гэдгийг мэдээлсээр буй.
Нийт 12.1 тэрбум ам.долларын зээлд "Оюу толгой" ХХК 12 хувийн хүү төлж байгаа юм.
Үүнийг дор хаяж 3 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Зээлийг төлж дуусаж байж төслөөс Монголын тал ноогдол ашиг хүртэнэ.
Энэ ажлыг хариуцсан ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан ахалж буй. 2-3 төрлийн хувилбар бэлтгэж, хөрөнгө оруулагч талтай хэлцэл хийхэд бэлтгэсэн.
Хоёрдугаарх нь, "Онтрэ" компанийн эзэмшилд буй Оюу толгойн ашиглагдаагүй хоёр талбайн лиценз. Өмнө нь Монголын талтай ярилцалгүйгээр "Онтрэ" нь лицензээ шууд "Оюу толгой" ХХК-д шилүүлэх, "Оюу толгой" ХХК нь түүнийг 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд олборлох тохиролцоонд хүрчихсэн.
Гэвч энэ нь тусдаа компани дээр явж ирсэн стратегийн орд учраас Засгийн газар шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шаардлагатай. Иймд удаан хугацаанд яригдсаны эцэст "Онтрэ"-гийн лиценз дээр энэ хэлэлцээний хүрээнд ойлголцолд хүрнэ.
Тэгвэл, эхний ээлжид зээлийн хүүг бууруулна гэдгээ "Рио Тинто"-гийн зүгээс илэрхийлсэн байна. Улмаар протоколд гарын үсэг зуржээ.
Хэрхэн бууруулахыг арваннэгдүгээр сард дэлгэрэнгүй хэлэлцэнэ.
Харин "Оюу толгой" ХХК-ийн засаглал, менежментэд өөрчлөлт хийхгүй гэсэн байна. Тус компанийн ТУЗ есөн гишүүнтэй ба гурав нь Монголыг төлөөлдөг. Гэвч тоогоор цөөддөг тул ямар ч шийдвэрт нөлөөлөх эрхгүй явж ирсэн. Энэ байдлыг өөрчлөх, ТУЗ-д байх Монголын талын гишүүдийн тоог нэмэгдүүлэх буюу засаглалыг сайжруулах саналыг "Рио Тинто" хүлээж авахгүй хэмээн мэдэгджээ.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.