Бүгд Найрамдах Казахстан Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгчөөр Монгол Улсын иргэн Р.Сарангоог томилжээ
Р.Сарангоог энэ сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн тушаалаар уг албанд томилжээ. Тэрээр байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээр ажилласан 25 гаруй жилийн туршлагатай юм.
Р.Сарангоо өмнө нь Европ, Төв Азийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комисс (UNECE)-ын Байгаль орчин хариуцсан бүс нутгийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 17 оронд тус байгууллагын конвенц, стандартын хэрэгжилтийн чиглэлээр техникийн зөвлөгөө өгч, олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллажээ.
Түүний мэргэжил, ажлын туршлага нь байгаль орчны чиглэлээрх бодлого, хөрш, зэргэлдээ орнуудтай хийх хамтын ажиллагаа, түншлэлийн тогтолцоо, байгалийн нөөцийн удирдлага, чадавхжуулалт, хөтөлбөрийн менежмент зэрэг өргөн хүрээнд багтаж байгаа юм.
Р.Сарангоо нь Австралийн Флиндерсийн Их Сургуульд байгаль орчны менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Монгол Улсын Байгаль орчны яаманд ахлах мэргэжилтнээр ажиллаж байжээ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон зөвлөх үйлчилгээний байгууллагуудад ажилласан туршлагатай.
Ташрамд дурдахад, өмнө нь НҮБ-ын суурин төлөөлөгчөөр монгол хүн ажиллаж асан тохиолдол байхгүй бөгөөд Р.Сарангоо анхдагч болж байна.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.