Д.Оюунчимэг: Монголын заяа их гэж үнэн, гэхдээ тэр заяа хаяж, дуусаж, тасарч болно
Зохиолч, орчуулагч Д.Оюунчимэгтэй уулзан ярилцлаа. Тэр бол Монголын уран зохиолд өөрийн цаг үедээ шинэчлэл авчирч чадсан сэтгэлгээний том уран бүтээлч, билэг авьяасын ундарга юм. Хожим “Хүүхдийн шилмэл зохиолын 108 боть – Эрдэнэсийн сан” гэж маш том төсөл хийсэн. “Тэнгэрийн цаг болоогүй”, “Оройн ганц мод” зэрэг романаас гадна дэлхийн зохиолчид сүүлдээ хүүхдийн зохиол бичиж эхэлдгийн жишгээр энэ төрөлд ч хөл тавиад удаж байгаа. Харин орчуулагчийн хувьд гарамгай, билэг танхай тэрбээр Милорад Павич, Хорхэ Луис Борхэс, Исаак Зингер нарын томчуудыг барьж авч байсан. Павичийн “Салхины дотоод тал” гэхэд Монголын уншдаг, бичдэг бүх үеийн төлөөлөлд сэтгэлгээний үүд хаалга, бичиг найруулгын боломж бололцоог нээж өгсөн билээ.
Хамгийн сүүлд түүний бүх шүлгийг эмхэтгэн, “Ножо” хэвлэлийн газраас “Яруу найраг” хэмээн зузаан түүвэр гаргаад байна.
Бидний ярилцлагад анхаарлаа хандуулна уу.
-Таныг хамгийн анх ямар үйл явдал уран зохиолд дурлуулсан юм бэ?
-Нэгдүгээр ангид байсан шиг санана, “Унших бичиг” номонд нэг шүлэг байхыг уншлаа.
“Цоохор даага жирийхээрээ жирийнэ
Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ” гэж мөртэй. Энэ шүлэг миний дотор маш их юм асаасан. Яруу найраг гэж ямар дээд зэрэглэлийн юм байдаг вэ гэдгийг гайхаж, түүнд татагдан орсон. Тийшээ хүрье гэж мөрөөдөх болсон доо. Гайхамшигтай мөр бол биш, бусад хүүхдүүд шимтэн дурлаагүй нь ойлгомжтой. Тэгэхээр надад урьдын ямар нэг зүйл байсан бололтой.
-Бүгд л “Унших бичиг”-ийг уншсан нь тодорхой, гэвч хоёрхон мөр нь таны амьдралын зам мөрийг тэгтлээ тодорхойлсон гэхээр?
-Өгөгдөл гэх үү, авьяас гэх үү, урьдын хүчин зүйл байсан болохоор уншаад өөрийн өнцгөө шүүрч авч байгаа нь тэр биз ээ. Улаан тэмдэглэлийн дэвтэр байсныг санадаг юм. Хоёр, гуравдугаар ангидаа шүлэг бичиж түүнийг дүүргэсэн. Тэр үеийн миний шүлэг бичнэ гэж хаашаа харсан юм байх вэ. Дараа нь зургадугаар ангид аз завшаантай ч гэмээр явдлаар нэг ном миний гарт орж ирсэн юм. Б.Явуухулангийн “Намрын мөнгөн өглөө”. Сүүлд харахад Б.Явуухулангийн хамгийн сайн түүвэр тэр юм билээ. Ингээд л яруу найраг руу буцалтгүй шумбан оров доо. Хожим аравдугаар ангид элссэн жилээ, Ховдын Багшийн дээд сургуулийн дэргэд хичээллэж байсан утга зохиолын дугуйланд орлоо. Д.Галбаатар багш удирдаж байсан. Миний тавын дэвтрээр дүүрэн шүлгийг нөгөөдүүл авч хэлэлцээд. Тэгж хоёр, гурван шүлгийг аймгийн сонинд хэвлэж байлаа. Энэ миний гараа байсан юм болов уу даа.
-Энэ бол төрөхөд л өгөгдсөн, байж л байсан зүйлийг олж нээж байгаа хэрэг байлтай?
-Би авьяас гэдгийг дур хүсэл гэж ойлгодог. Учиргүй дурлаад байгаа зүйлийнх нь цаана бидний мэдэхгүй энерги, мэдээллийн орон зай үйлчилж байдаг. Чадах юм нь хатгаад байгаа хэрэг. Дурлаж байгаа юмандаа амжилт гаргах, өөрийгөө түүгээр илэрхийлэх боломж бий гэдгийг өөрийн туршлагаар хэлж болохоор байна.
-Энэ дур хүсэл өнөөдөр таныг юунд хөтөлсөн бэ?
-Нарийн түвшинд авч үзвэл энэ яваа насны үүрэг зорилго, урьд насны гүйцээж амжаагүй зүйл мэтийн олон учир шалтгаан бий. Ямар ч байсан би өөртөө үүнийг нэг төрлийн даалгавар гэж ойлгодог. Тэгээд энэ яваа насаа номтой л хамт өнгөрүүллээ. Номын ажлыг л хийж гүйцээх даалгавартай юм болов уу. Бүх зүйлийн дээгүүр номыг тавьсан. 1996 онд би өөрийнхөө хувьд яруу найргийг нээж чадлаа гэж сэтгэл ханах хүртэл өөр юуны ч тухай бодох сөхөөгүй арван жил энэ ертөнцөд амьдарсан, эрж хайсан, зөндөө юм болсон. Муу шүлэг бичих нь улаан бурхан өвчинтэй л адил гэцгээдэг. Аль болох бага залуудаа өвдөөд, эдгээд, туулаад гарчихвал зүгээр гэж. 17-27 насанд яруу найргаар амьсгалахад тал хувь нь муу шүлэг бичихэд зарцуулагдсан байна. Олон хэрэггүй шүлгээ шатаасан. 1992 онд л өөртөө тоогдох шүлэг бичиж эхэлсэн байх жишээтэй. 1993-1996 онд л оргил шүлгүүдээ бичсэн байдаг.
-Та олон зартай орчуулга хийсэн, хүүрнэл зохиолд ч өөрийгөө тамгалсан. Мөн хүүхдэд зориулж том төсөл хэрэгжүүлсэн, хүүхдийн зохиол ч илүүтэй бичиж байна. Сүүлд бүх шүлгүүдээ эмхэтгэн гаргалаа. Энэ төрлүүдээс алийг нь өөртөө үнэ цэнтэйгээр авч үздэг вэ?
-Миний одоо хүртэл баярлаж, бахархаж, хийсэндээ сэтгэл хангалуун байж, өнөө хэр ширээний номоо болгож, санаа дутах, мухардах үедээ сөхөж хардаг ажил маань шүлгүүд л юм. Залуу насандаа бүтээсэн яруу найраг. Харин орчуулгын баахан юм руу халтирч орсон нь бас л миний хийх ёстой зүйл байсан юм байлгүй дээ. Одоогийн Оюунчимэг тухайн үеийн өөртэйгөө уулзах юм бол “Наад балай юмаа орхиод зугт” л гэж хэлэхээр. Чөмөг дундрах гэж хүмүүсийн хэлдгийг жинхэнэ утгаар нь тэнд ойлгосон. Ясан доторх чөмгөө шалгаж, хэмжиж үзсэнгүй, гэхдээ чөмөг дундарна гэдэг нь ингэж их нөр ажилд дарагдахыг хэлдэг юм байна гэж ойлгосон. Хүүхдүүддээ уншиж өгөх гэж би гурван боть үлгэр орчуулсан юм. 2000-аад оны эхээр шүү дээ. Дараа нь гэр бүлээрээ АНУ-д очиж, хүүхдүүд маань бага ангид элсэн орсон. Тэдний уншиж байгаа ном руу өөрийн эрхгүй татагдан ороход хүрсэн. Америкаас чемодан дүүрэн номтой эргэж ирсэн. Ингээд хүүхдэд зориулж 108 боть номын төсөл хийсэн дээ. Тухайн үед надад мөнгө яаж олдож байсныг мэдэхгүй байна. Ихэнх ботийг нь бүрэн эхээр орчуулсан, заримыг хялбарчилсан байдаг. Тэдгээрийн 30 хувийг нь би өөрөө орчуулсан байх, бусдыг нь хүнд хөлс төлөн орчуулуулж, бөөсийг өөрөө түүж их суусан. Эргээд бодоход нэг номыг таван удаа уншиж хэвлэсэн байдаг юм. Тийм л нүсэр ажлын ард ёстой бор зүрхээрээ гарчээ.
Ер гурван настайгаас 13-14 насны хооронд хүүхдийн хэн болох нь төлөвшин тогтож байдаг. Энэ зааг хугацаанд л хүүхдэд үлгэр уншиж өгөх, номонд дурлуулах чухал. Бидний уламжлалт хүмүүжилд үлгэр унших маш том байр суурь эзэлнэ. Харин одоо үлгэр мэддэг эмээ, өвөө байдаг эсэхийг мэдэхгүй байна. Би бол үлгэрч өвөөтэй байсан хүн. Төрсөн өвөө биш, ээжийн авга ах, лам байсан хүн байв. Гүйж ороод л өвгөний үлгэрт дурлана. Өдөрт арван удаа ороод үлгэр яриад өг гэхэд “Таван хар ямаатай, Тангад хар хөгшин” гээд л хэлнэ. Би өөрөө үлгэрийн орчинд өссөн учраас өнөөдөр болтол энэ маань надад уран сайхны ертөнц болоод тогтчихсон байна. Ингээд өөрийнхөө бага насны тухай “Салхин гуталт” гэж хүүхдийн зохиол бичсэн нь чиний өмнө байна.
-Яагаад та АНУ руу гэр бүлээрээ явсан бэ. Зохиолч хүн тодорхой үндэстний үзэлтэй байж, энэ нь барууны, тэр дундаа АНУ-ын даяаршлын бодлоготой зөрчилдөх нь олонтой?
-Тухайн үед манай нөхөр МОНЦАМЭ-ний АНУ дахь сурвалжлагчаар томилогдсон юм. Хүүхдүүд ч нялх байлаа, би нэг явахгүй гэж үзээд дийлээгүй хэрэг. Гэхдээ явсандаа харамсдаггүй. Өнөөдрийг хүртэл миний өөрөө өөрөөрөө бахархсаар байгаа зүйл маань, би хүүхдүүдээ аван буцаж ирсэн. Хүүхдүүд англи хэлний үгийн сантай болж амжсан ч гэлээ өнөөдөр Монголдоо ажиллаж амьдарч байна. Би хүүхдүүдээ харьжуулаагүй, АНУ-д аваачиж тушаагаагүй. Дөрвөн жилийн дараа даруй буцаж ирсэн дээ.
Очоод пиццаны газарт аяга угаагчаар ажилд орлоо. Замдаа уйлаад л явдаг. Тэнд очсон монголчууд яг л бөмбөгдөлтөөс мэнд гарч ирсэн хүнтэй уулзаж байгаа юм шигээр хүлээн авдаг байхгүй юу. “За, ашгүй дээ. Хүүхдүүдээ аваад ирээ юу. За, ёстой болоо доо” гэнэ. Тэгээд л дотроос юм огшоод ирнэ. Сүүлдээ надад сэтгэл зүйн эмгэг маягийн юм бий болсон. Монголчуудтай таарахаараа би “Хэзээ буцах гэж байна?” гэхээр, “Буцна гэж юу байсан юм” гэж хариулна. Насан туршийн цэвэрлэгээний ажлаа тэнд хийчихсэн байх (Инээв). Гэхдээ яах вэ, дэлгүүр цэвэрлэж байхдаа зохиол бичээд үзэж тарж байгаа юм л даа.
-Тэнд та “Тэнгэрийн цаг болоогүй”-г бичсэн, тийм үү.
-Тэгсэн, 2006 онд. Эргээд бодоход зургаагийн тоотой онууд надад ээлтэй юм байна. Хэдэн өгүүллэг, сайн шүлгүүд бас бичиж амжсан жил.
-Тэр бол бараг нэг суудлаар бичсэн мэт маш эрчимлэгээс гадна Монголын хүүрнэл зохиолын төрөлд шинэ үзэгдэл болсон?
-Анна Ахматова “Хэн нэгэн дээрээс дуудаж өглөө” гэж олонтой хэлсэн байх юм. Цээж бичиг бичүүлж байгаа юм шигээр дуудлаа гэж. “Тэнгэрийн цаг болоогүй” бол яг л тэгж дуудагдаж бичсэн зохиол. Том дэлгүүрийг ганцаараа цэвэрлэж дуусах бөгөөд хий эргэх хоёр цаг л үлддэг. Түүнийгээ ашигласан, таван шөнө үү, зургаан шөнө үү санахгүй байгаа юм. Тэгэхээр арав гаруй цаг л бичсэн гэсэн үг. Явахдаа бичсэн цаасаа хуйлж угаагч машины халаас руу шургуулчихаад, харьж жаахан унтаад маргааш нь ирнэ. Би 2001 онд “Гэсгээгдэгсэд” гэж анхны туужаа бичсэн. Түүнээс хойш юм бичээгүй л явж байсан гэсэн үг. Энэ хооронд надад энергийн бөөгнөрөл үүсчихсэн байсан мэт. Тэр бөөгнөрөл сад тавин асгарсан мэт. Уншсан ямар ч мэргэжлийн хүний зүрхэнд нь хүрээд байдаг. Тийм зохиол гэдгийг анзаарсан. Миний романыг хүн нэг их уншихгүй шүү дээ, шүлгүүдийг ч бас. Яасан хачин юм бичдэг нөхөр вэ л гэж харах байх. Харин “Тэнгэрийн цаг болоогүй” миний бусад зохиолуудаас өвөрмөц юм билээ, уншсан хүмүүстээ таалагдаад байдаг.
-Дүрийг, үйл явдлыг урьд өмнөөс бодож боловсруулж яваагүй юу?
-Тийм юм огт байхгүй. Роман бичихдээ бүлгүүдээр нь жаахан төлөвлөгөө гаргаж байсан. Маш их материал цуглуулчихсан учраас хэрэгцээтэй байсан. Бусдаар би юу ч төлөвлөхгүй, тухайн агшинд орж ирснийг тогтоон барьдаг л зохиолч шиг байгаа юм.
-Гэтэл хүүрнэл зохиол бичихийг зөвхөн нөр их хөдөлмөрийн үр шим юм, нэг өглөө босож ирээд сайн зохиол биччихнэ гэж үгүй гэцгээдэг?
-Хөдөлмөр л дөө. Их эртнээс эхэлсэн хөдөлмөр. Эрхүүд хуулийн сургуулийн оюутан байлаа. Эхний хоёр жилд сайн сурсан. 10 жилд дургүй хичээлээ ч хичээж хийдэг ш дээ. Яг түүн шиг, надаас оросууд өөрсдөө гүйж ирж хичээл асуух маягтай. Хоёр жилийн дараа шүлгэндээ татагдаад эхлэхгүй юу. Тэр хугацаа л гэхэд үргүй хөдөлмөр мэт, нэг л хайсан эрсэн, бичдэг шатаадаг маягтай атлаа нөгөө бичээчийн чадварыг суулгаж чадсан. Хөдөлмөр гэдэг нь эндээ байна. Удаан хугацаанд хийж байж өөрт тогтох ур чадвар шиг байгаа юм. Их л хөдөлмөр урсаж байж энэ бий болно.
-Та чинь романаа хүн уншихгүй гэх юм, орчуулгын ажлуудаа ч бас тоож үзэхгүй юм?
-Хэрэв надад үйлийн үр байсан бол түүнийг цайртал хийсэн ажил орчуулга, орчуулгын редактор байх. Хүүхдийн зохиол дандаа сайн сайхны өгөгдлийг түгээдэг. Өөрийн ч мэдэлгүй сайн үг, өгөгдөл түгээх ажилд оролцсон байна. Гэгээн тунгалаг ертөнц энэ сонгодог гэсэн зохиолд давамгай байна л даа. Эргээд харахад энэ нүсэр юм надаар хийгдэх л ёстой байсан юм байна.
-Харин романаа яагаад тэгж тодорхойлж байгаа юм?
-Хүмүүсээс авсан тодорхойлолт тэр байна шүү дээ. Оюунчимэг шиг хүн уншихгүй ном бичдэг биш гэхээр чинь өөрөө өөртөө дасан зохицно.
-Бусдын үгийг тэгээд л шууд хүлээн авчихаж байгаа юм уу?
-Хүмүүст яаж хүрч, ойж байна гэдгийг ойрын хүрээллийн яруу найрагч, зохиолчдоос сонсож байна л даа. Тийм учраас маш төвөгтэй юм бичсэн гэдгээ ойлгож байна, би өөрөө ч тэрийгээ мэдэж байгаа. Юу гэж хэлэх юм дээ, ахисан түвшний уншигчдад зориулагддаг гэх юм уу. Шүлгийг бол би үнэхээр ахисан түвшинд бичсэн гэж хэлж чадна. Найраглал гэж хэлж болохоор бүлэг шүлгүүд маань нэлээд хүчтэй, томоохон хэмжээний сэтгэлгээний урсгал болж чаджээ гэж дүгнэсэн. Түүнээс яасан хачин юм бичдэг этгээд вэ гэж л бодогдохоор шүү дээ.
Би Венедикт Ерофеевийн “Москва Петушки”-г орчуулсан. Сайн орчуулсан эсэхийг мэдэхгүй байна. Оросууд өөрсдөө маш их шүтэн биширдэг юм байна. Тэнэг хүн зоригтой гэдэг шиг барьж аваад л орчуулчихсан, одоо сөхөж харахаас, бараг ярихаас ч айж байна. Тэр зохиолчийн үг надад таалагддаг юм. “Хачин юм бичих юм даа” гэлцэхэд нь “Хүсвэл би түүнээс ч хачин юм бичиж өгч чадна шүү” гэсэн юм гэнэ лээ. Надад амттай сайхан ч олон хүнд хачин л санагдах байх л даа. Үүнд эмзэглэж, гутарч гуниад байх юм байхгүй.
-Би бол таныг буруу бодож байна гэж хэлнэ. Цаг үеэсээ л эртэдсэн байх. Өнөөдөр дахин түгээвэл өөрөөр хүлээж авна гэж?
-Мэдэхгүй юм даа. Нагац ахынд амьдардаг байхдаа шүлгийн номоо хэвлүүлж түүнд өглөө. Мэдээж ах юм ойлгоогүй, ойлгомжтой. Гэтэл тэднийд хамаатны нь нэг малчин ирж гэнэ. Ирээд хоёр, гурав хоног миний номноос салахгүй уншиж гэнэ. Явахдаа энэ номоо надад өгчих гэж гуйсан гэнэ. Тэр нөхөр уншаад салахгүй байна гэхээр малчид бол задгай тэнгэрийн дор, байгалийн элдэв үзэгдэл дотор буюу хотын хүмүүсийн дэргэд илүү яруу найраглаг орчинд амьдардаг. Хэн ертөнцийг яруу сайхнаар харах боломжтой вэ, түүнд л хүртэгдэх байх гэж бодож байгаа юм л даа. Нийтээрээ уншина гэж угаас байхгүй шүү дээ.
-Тэгвэл “Салхины дотоод тал”-ыг яагаад, хэрхэн орчуулсан бэ?
-Энэ номноос л болж би ердөөсөө орчуулга руу орсон. Хэрэв тэр номтой тааралдаагүй бол өөрийгөө тэгж зовоохгүй байсан. 2006 онд “Тэнгэрийн цаг болоогүй” туужаа хэдэн давгүй өгүүллэгийн хамт биччихээд нэг зүйл ойлгосон. Миний хэмжээ өгүүллэг, туужаас илүү гарахгүй байгааг. Дараагийн шат бол роман, түүнийг хэрхэн бүтээх вэ гэж өөртөө эрэл хайгуул хийлээ. Олон роман интернэтээс татаж аваад, үдэж хавтаслаж авлаа. Тухайн үед Чикагод эмгэн хардаг ажил хийж байсан. Эмгэнийхээ дэргэд суугаад л шүүрдэж гарав. Тэр дотор “Салхины дотоод тал” байсан. Уншаад, талд нь орж явтал аазгай хөдлөөд болдоггүй. Үүнийг монгол хэл дээр яаж илэрхийлэх вэ, ямар овоо бичдэг гар вэ гэж бодогдоод. Тэгээд өөрийн мэдэлгүй орчуулж эхэлсэн. Зургаан сарын дотор зургаан ном орчуулсан. Таван шүлгийн ном орчуулсан дайтай юм боллоо доо л гэж бодсон. Гол бүхэн өөрийн гэсэн үнэртэй ч гэж байх шиг. Яруу найрагт л баймаар өгүүлбэрүүдээс бүтсэн байхаар орчуулах аазгай хөдөлдөг юм билээ.
-Хэдэн хувь хэвлэсэн юм бэ?
-Монголд 2008 онд 500 ширхэг хэвлүүлсэн байх аа, ердөөсөө зарагдаагүй. Худалдааны тэнгэр гэж байдаг юм гэнэ лээ, намайг харж үздэггүй юм. Янжка бид хоёр бол гайгүй найз (Янжинлхам бурхныг хэлж байна). Номын борлуулалт хийж үзээгүй хүн шүү, би.
-Өнгөрсөн жилүүдэд хүмүүстэй сайн уран зохиолын талаар ярихаар л “Салхины дотоод тал”-ыг нэрлээд байсан юм. Айхтар хүмүүсийн амаар их нэрлэгдэнэ. Битүү хүрээнд энэ маш их түгсэн байдаг.
-Сүүлд “Соёмбо”-ынхон бас хэдийг хэвлэсэн байна лээ, өөр хавтастайгаар. Эсвэл тэр нь тэгж түгсэн юм байлгүй дээ.
-Та хэр бие даасан эмэгтэй байж чадсан бэ?
-Том толгойгийн хувьд ярих юм байхгүй. Хэтэрхий л томдоод байна.
-Хоёр зохиолч хүн нийлчихээр амаргүй ч гэлээ байгалийн чанараар эрэгтэй хүний сүрэнд дарагдах гэдэг зүйл байх уу?
-Байлгүй яах вэ, байна. Би нөхөртэйгөө сууж хамт амьдарсандаа баяртай явдаг л даа. Шууд хичээл заагаагүй ч шууд бус байдлаар намайг өсөж хөгжихөд маш том нөлөө үзүүлсэн. Охиноо төрүүлчихээд хадам аавынд амьдардаг байхад “Ням гараг” сонин долоо хоног бүр сонгодог өгүүллэг тавьдаг байсан. Тэр өгүүллэгүүдийг нөхөр авчирч өгдөг байв. Айлын авгай болоод сууж байхдаа ч уран зохиолын ертөнцөөс холдоогүй. Гэхдээ хоёр утсан толгой нэг тогоонд багтдаггүйн үлгэр бол байна. Байлгүй л яах вэ дээ.
-Анх яаж танилцсан бэ?
-Нэг үеийн, нэг сургуульд сурч байсан хүмүүс. Бусдын л жамаар танилцсан, нэг их романтик түүх алга. Би энэ туулж өнгөрүүлж буй амьдралдаа машид сэтгэл хангалуун л байдаг. Тэгдэг, ингэдэг байж гэсэн юманд угаас дургүй. Өөрийнхөө амьдралд тохиолдсон бүгдэд талархдаг. АНУ руу явах миний хүсэл зорилго байгаагүй ч тэндээс их юм олж авсан. Тэнд очиж эмгэн харж суугаагүй бол “Салхины дотоод тал”-ыг орчуулах ч байсан юм уу, үгүй юу. Тэр хэдэн орчуулга бол монгол хэл дээр юм бичдэг хүмүүст сүрхий уншигдахаар ажил болсон гэж бодож байгаа.
-Уран бүтээлч хүний ганцаардлыг туулж барсан уу?
-Тэр ганцаардал чинь одоо миний мөнхийн найз шүү дээ. Би олны дотор бужигнадаг хүн биш. Би энэ зохиолуудын нэгийг ч гэртээ сууж бичээгүй. Хаа нэг тийш яваад өгдөг, байр хөлсөлж түрээслээд шилэрчих нь ч бий. Ганцаар байгаагаа мэдрэх маш их тааламжтай. Тийм л орчинд бичдэг. Харин ямар үед ганцаардал надад хэцүү санагддаг вэ гэхээр... “Усгал” гэж гурван дэвтэр роман бичлээ. Тэгэхэд маш их ганцаардал мэдрэгдсэн. Цуглуулж авсан материалууд арвин, тэднийг боловсруулж хүүхдэд зориулсан бүтээл болгоход заавар зөвлөгөө өгдөг хэн нэгэн байгаасай гэж бодогдсон. “Надтай үүний талаар ярилцдаг хэн нэгэн байдаг болоосой”. Хүүхдийн номны араас явж байхдаа О.Дашбалбар багшийг их үгүйлсэн. Хэрэв багш байсан бол магадгүй намайг нэг чичиж аваад, надтай хамт энэ замаар явах байсан даа гэж. Оюун санааны нөмөр нөөлөг эрсэн тохиолдолд ганцаардал мэдрэгдээд байгаа юм. Монгол хүүхдүүд юм уншиж өсдөг болоосой гэдэг дээр олон жилийг зарцуулахад их ганцаардал мэдэрч байсан. О.Дашбалбар багштай ойр байсны хувьд тэр хүний оюун санаан дахь эх оронч сэтгэлгээ үгүйлэгддэг. Хүсэл зоригоо олон ч хүнд ярьдаг, “Өө за за. Чи тэгээд яв яв, яваад л бай” гэж хэлдэг. Энэ бол ганцаардал, түүнээс ганцаараа байх тухай асуудал биш. Д.Батбаяр гуай нэг удаа намайг загнаж байлаа. “Чи битгий англи, америк юмаар хүүхдүүдийн тархи толгой угаах гээд бай. Монгол хүн монгол юмаа уншиж хүн болох ёстой” гэсэн. Толгой дундуур буулгаад авах шиг л сонсогдсон. Х.Андерсеныг уншилгүй яах вэ, гэвчиг өөрсдийн гэсэн юм руугаа өнгийх учиртай байна гэдгийг сэхээрч билээ. Үүнээс хойш 10 гаруй жил тувт энэ талаар бодож явна.
-Та хүнд гомддог уу?
-Тийм ойлголт байхгүй. Дорно дахины, ертөнцийн найман салхины ойлголтоор уур бухимдал, атаа хорсол зэрэг элдэв сэтгэлээс ангижрах тухайд гайгүй хол алхсан байх. Шүлэг надад асар их юм өгсөн. Хэдэн гайгүй шүлэг бичсэний дараа сэтгэл зүйн тогтвортой төлөв байдал руу орсон гэж өөрийгөө боддог. Магтахад баярлаад, муулахад гомдоод байхгүй.
-Тэгвэл хувь тавиланд, эсвэл өөрийн төрсөн цаг үедээ?
-Хувь хүний хувьд Оюунчимэг өөртөө сэтгэл хангалуун байна. Харин өнөөгийн цаг үед би асар их гэсгээлээр амьд яваа мэт л санагдаж байна. Итгэж үнэмшиж, сууриа болгож ирсэн суртхааль байхгүй болж байна. Ядах нь аа би эх оронч нь дэндсэн хүн юм билээ. Нэгэнтээ амиа бодох үзлийн дээд нь эх оронч сэтгэл юм гэж бичиж байжээ. Их олон байдал надад ял юм шиг тулгагддаг, хэцүү санагддаг. Ганцхан жишээ хэлье, Монголын хүүхдүүдэд унших үлгэр байхгүй. Монгол Улсын гавьяат багш эмэгтэй, монгол үлгэрээр яадаг юм, муухай ш дээ гэж яриад зогсож байхыг чихээрээ сонссон. Гэтэл бид утга уран зохиолоор тийм ядарчихсан ард түмэн огтоос биш. Хэл зохиолын хүрээлэнд 80 хавтас гар бичмэл үлгэр байна. Тэр зөвхөн тал нь гэнэ ээ. Ихэнх тал нь соронзон хальсан дээр бичигдэж, одоо балраад байхгүй болж байна. Магадгүй тэрийг сүүлийн 30 жилд очиж шалгаж харсан ганц хүн би байх. Ийм баялаг өвтэй атал хүүхдүүдэд нь унших үлгэр байхгүй. Толгой хоосон, монгол хүний мөн чанар байхгүй. Залуучууд бол мэдрэмж ярьдаг. Уучлаарай, мэдрэмжээс дээш хоёр гурван шатлал бий. Түүнээс дээш үзэл санаа гэж чухал юм байна. Тэр огт алга. Мэдрэмж авлаа, өглөө гэсэн улсууд. Би тэр мэдрэмж гэсэн үгээс харшлахдаа тулж байна. Нохой, мууранд ч мэдрэмж бий. Харин хүн байхын тулд өөрийн гэсэн үзэл бодол, чиг хандлага байх ёстой. Түүнийг юу төлөвшүүлдэг вэ гэвэл ганцхан уран зохиолоор дамждаг. Философичдын бичсэн зузаан зузаан номыг ард олон уншихгүй. Харин уран зохиолоор хүрдэг, эртнээс нааш уламжилж ирсэн үлгэр домгоор дамжиж явдаг. Манайд үүнийг бодлогоор ч юм шиг аваад хаячихсан.
-Итгэл найдвар тасраагүй хэвээр байна уу?
-За, яах вэ, Монголын заяа их гэдэг үг бий. Энэ үнэн байсныг 20-р зууны түүх харуулдаг. Дэлхий даяар өрнөсөн томоохон үйл явдлууд Монгол Улсад л ашигтай тусаж байсан. Гэхдээ нэгэн зүйл бий, тэр заяа бас дуусаж болно. Хэтэрхий олиггүй явбал хүлээж авах антень нь тасарч болно. Бид магадгүй тэнгэртэй холбогддог сүрхий хүмүүс байж болно, үгүйсгэхгүй. Гэхдээ ийм дорой нунж явбал тэр тасарч болно, тэр заяа хаяж ч болно. Түгшүүр бол байх юм.
-Үхэхээс өмнө юуг л үзэж амжмаар санагддаг вэ?
-Үзэх биш хийчих юм сан гэсэн ажил л байна. Болсон болоогүй хэдэн ном бичлээ. Сонин биш, тэр хувь Оюунчимэгийн асуудал. Би энэ улсын гайгүй мэргэшсэн зохиолчийн хувьд, юмны учир байдал таньдаг болсон сэхээтний хувьд хийчихмээр хэд гурван ажил байна. Энэ яваа насны амьдрал хүссэн хүсээгүй хүүхдийн уран зохиол гэдэг рүү холбогдчихлоо л доо. Бидний түүхийг дэлхий булаалдаж байна. Гэтэл өнөөдөр сурах бичигт нь түүхэн ганц зохиол байна уу, байхгүй. Энэ л надад асар том эмгэнэл санагддаг. Хэрэв надад боломж олгодог бол энэ хоосролыг ядаж талд нь бараглачих юм сан гэсэн хүсэл байна. Гэвч энэ дан ганц надаас шалтгаалахгүй юм даа. Мөнгө төгрөг, эрх мэдэл гэдэг нь чинадын чинадад байна. Өмнө нь бол ёстой хар зоригоороо дайрчээ. Тэнгэр хүнийг ивээдэг шиг байгаа юм. Хүүхдийн 108 боть төсөлд нэлээд мөнгө зарсан. Одоо харин яаж, хаанаас мөнгө олж байснаа бодоод санахгүй юм. Өнөөдөр дахин тийм боломж алга, өөрийн ч чадал шавхарч байна. Гэхдээ боломж олдвол хийчих юм сан гэдэг эрмэлзэл байна аа. Түүнээс надад одоо аялах, амтлах, хүүхдийнхээ сайн сайхан явааг харах зэргийн хүсэл алга. Хувь хүний амьдрал сонин биш байна, хэзээ ч үхэж болно, харамсах зүйл байхгүй. Боломжоороо идэвхтэй амьдарлаа л гэж бодож байна. Ганцхан агуу их Монголын үр хойчис унших үлгэргүй байна гэдэг л асар том эмгэнэл. Яагаад гэвэл есөн боть үлгэр орчуулсны хувьд үүнийг мэдэж байгаа. Энэ талаар уулзаж яриагүй хүн гэж надад үлдсэнгүй. “Өө, сайн байна. Битгий шантраарай” л гэдэг. Энэ миний асуудал биш. Би хүүхдүүддээ уншиж өгье гэсэнгүй, зарж таван төгрөг олохыг хүссэнгүй. Чухлыг нь Монгол Улсад ойлгуулж чадахгүй байна. Оюунчимэгийг хэн ч тоохгүй, маргааш таг мартаж болно. Үүнд гомдол харамсал гэх юм өчүүхэн ч байхгүй. Ганцхан Монголын олон түмэн хүүхдүүд унших үлгэргүй байгаа нь харамсалтай.
-Одоо үлгэрийн талаар ярихад бүр л ойлгохгүй, буухгүй, хүлээж авахгүй цаг үе бололтой. Та чухал гэдэгт нь ямар үгээр баталгаа гаргаж өгч чадах вэ?
-Бидний даган дуурайж буй Америк орон сургалтын хөтөлбөртөө миний багадаа уншиж өссөн үлгэрүүдийг багтаадаг. Манай хүүхдүүд тэнд гуравдугаар анги төгсөөд ирэхдээ цээж бичиг бичиж, тоо бодож зовоогүй. Багш нар бол сонгодог зохиолоос уншиж өгдөг байх жишээтэй. Кембрижийн хөтөлбөрт унших номын жагсаалт гэж байгаа юм. Тэр жагсаалтыг би Ё.Отгонбаяр сайдын даалгавраар Монгол руу буулгаж байв. Номын нэрс бүхий тэр жагсаалт дангаараа 52 хуудас. Бэлтгэл ангийн номын толгой гарчиг нь, “Бурхны бүтээлийг гайхан бишрэхүй” гэж эхэлж байгаа юм. Тэгээд тэнгис далай, уул усны тухай номууд үргэлжилнэ. Энэ яаж байна. Христийн шашинт иргэнээ бэлдэж авах гэж байгаа биз дээ. Харин манайд хүүхдийн ном гэхээр комик гаргаад ирдэг. Комик бол зураачийн хөдөлмөр болохоос нэг бүтэн өгүүлбэргүй, уран зохиолд хавьтахгүй төрөл. Сэтгэх боломжийг л боомилно гэсэн үг. Хамгийн том колоничлолын бодлого бол чимээгүйгээр, оюун санааны ертөнцөд явагдаж байгааг би өөрийн нүдээр харж байна.
-Монгол гэсэн үндсэн мөн чанараа энэ цаг үед эрж олъё гэвэл хамгийн гол сурвалж хаана байна вэ?
-Хамгийн гол нь генийн мэдээлэлд бий гэж итгэдэг. Энэ бол амар хусагдан алга болдог зүйл биш. Ялангуяа нас явахын хэрээр дотоод мэдээлэл чинь гарч ирнэ. Түүний дараа бидний үзэл санааг шингээсэн уран зохиол гэдэг юм л зайлшгүй үгүйлэгдэнэ.
-Та мэдрэмжээс дээгүүр үзэл санаа бий гэдгийг онцлон хэлж байна. Үзэл санаа гэдэг нэг цэгт хүрээд батжин тогтох ёстой зүйл үү. Эсвэл байнга өөрчлөгдөх ёстой юу?
-Тэр байнгын нэрэгдэж, эрэгдэж, хайгдаж байх ёстой. Амьдралын утга учир юу юм бэ. Гадаад орчинтой харьцдаг энэ амьдралд 100 насаллаа, 105 насаллаа, тэгээд дараа нь хаачих юм. Энэ амьдрал чинь шүүдрийн дусал шиг, оддын гилбэлгээн шиг гэдгийг бурхан багш хэлжээ. Сансар огторгуйн хэмжээнд энэ 105 нас урт уу. Үгүй, маш өчүүхэн шинжтэй. Тэгэхээр амьдралын утга учир гэж гадаад ертөнцөд биш бидний дотоодод орших мөнхийн чанартай зүйл байх нь байна. Бидэнд мөнхийн хэсэг байна. Бид үүндээ, энэ мөнхийн зүйлдээ анхаарах ёстой юм биш үү. Юуны тулд, хаашаа очих гээд улсаа цөлмөнө вэ гэдэг гайхалтай. Ингэж авирлаж байгаа хүнийг монголчууд сүнсээ түймэрдсэн юм шиг гэж хэлдэг байсан. Мөнх оршихуйгаас тасарсан юм шиг, энэхэн насны чөлөөнд галзуурч байгаа хүмүүсийг тэгж айхтар хэлдэг байж л дээ.
-Нас уран бүтээлч хүнийг яаж элээдэг юм бэ?
-Хүний үзэл бодол байнга өөрчлөгдөж байдаг. Амьдралын туршид гурван удаа үзэл бодлын том үсрэлт хийдэг юм гэнэ лээ. Жүжгийн зохиол бичихдээ дүрийн тэр л үзэл бодлын өөрчлөлт, үсрэлтийг үзүүлбэл сайн болдог гэж заалгаж байсан. Хүний үзэл бодол нэг л цэгт очиж тогтоно гэж үгүй, хөдөлгөөнд оршиж байна. Уран бүтээлч хүн бас энэ дагуу л замнана. Гэхдээ уран бүтээлч гэлтгүй эрдэмтдэд хүртэл ид хийж бүтээх нас байдаг гэнэ ээ. Ханаж байгаа 35-50 насанд. Үзэл бодол төлөвшиж, бяр амтагддаг нас юм байна л даа. Би тэр насандаа маш их хар ажил хийж дээ.
-Одоо бичих гэхээр?
-Түмэн бэрхшээл байх юм даа. Орчуулга, орчуулгын редактор хийн сайн дураараа манаргаж явахад Д.Батбаяр гуай “Чиний тэнгэрийн цаг болсон. Боломжит насаа элээчихвэл яаж ч хичээсэн чиний толгойд юм орж ирэхгүй” гэж хэлсэн. Туулаад гарсан хүний үг байна шүү дээ. Уг нь “Салхины дотоод тал”-тай таараагүй бол сайн байсан юм (Инээв). Гэхдээ өөрөө болсон болоогүй зохиол бичих гэснээс орчуулга маань илүү үр дүнтэй ч ажил болсон байж магад. Өөрөө үнэлж мэдэхгүй юм даа.
-Хайрын мөн чанар өөрчлөгдөж байгаа тухайд та юу хэлэх вэ. Амраг хайраас гадна гэр бүлийн доторх, эх үрийн харилцаанд ч гэсэн юмс өөрчлөлтөд орж байна?
-Баригдаж боломгүй зүйл бол цагийн жам байдаг юм байна. Сүүлийн үед цагийн жам гэдгийг анзаарч байна, харж байна. Хэдийгээр надаас гарсан хүүхэд ч гэсэн над шиг байх ямар ч албагүй, боломжгүй. Тэр хүн өөрийн цагийн аясыг л дагана. Та нарыг энэ цаг чинь л бүтээж байгаа. Ганц хайрыг биш маш олон зүйлийг өөрчилж болох зүйл цаг хугацаа л юм байна. Тунаж үлдэх юм байвал сайн байна, байгаасай ч гэж бодож байна. Монгол Улсын хувьд шүү дээ. Гэхдээ хүний санаатай үйлдэл цаг хугацааны аяст нөлөөлж болно. Бүгдийг зоргонд нь тавиад орхих биш. Энэ бол төр гэж байгаагийн гол утга учир л юм. Нийгмийн амьдрал өөрөө хувь хүн шиг өөрийн хувь заяатай. Бичиж баталдаг хуулиас ангид, нийгмийн хууль гэж нэг юм байна. Энэ бидний ярьж байгаа цагийн аястай утга ойролцоо зүйл. Энэ маш байгаллаг шинж чанартай.
-Энэ цагийн аяс хүмүүсийг яаж өөрчилж байна вэ?
-Зарим хүмүүс надаас “Бөө юу?” гэж асуудаг. Тийм биш л дээ. Надад бөөтэй холбоотой юу ч байхгүй. Гэхдээ шүлэг зохиол гэдэг сонин амьтай зүйл байдаг юм байна.
“Шүлэгчийн ээж сүүлийн гэрч болсон
Ширмэн зууны робот дундуур хүүгээ үдсэн” гэж шүлэг бичсэн байх юм. Тэр үг өнөөдөр хүйтэн ус толгой дээр асгаж байгаа юм шиг салхийтэл бодогдоно. 1993 онд шиг санана, 24-тэй залуу бүсгүй байхдаа хүүхэлдэй хотын тухай бичсэн байна. Саяхан анзаарахад би одоо хүүхэлдэй хотод амьдраад байгаа биш шүү гэж сэрхийтэл бодогдсон. Сүүлийн хэдэн жилийн байдлаас харахад ядарсан Монгол ганцаараа биш дэлхий даяараа л хүүхэлдэй хот болжээ. Авьяас гэх үү, мэдрэмж гэх үү, тэр зүйл юмыг зөгнөх боломжтой юм байна гэдгийг харж байх шиг. Нээрэн ч заримдаа роботууд дунд орчихсон юм шиг санагдана. Ямартай ч өнөө цагт өөр юм яваад байна. Би тэрийг ойлгохгүй, өөрчилж чадахгүй. Анзаарч, санаа алдаж л чадна.
-Таны хумсыг том охин нь дагуулж яваад будуулж байхыг харсан. Тэр бичлэгт та маш их баярлаж харагдлаа. Хүүхдүүд нь ээжийнхээ хувь ертөнц, уран бүтээлийг хэр ойлгож явдаг юм бол доо гэдэг бодол үзэж байхад орж ирсэн.
-Би дөрвөн хүүхэдтэй л дээ. Том залуу одоо 30 хүрэх гэж байна. “Усгал”-ын нэгдүгээр дэвтрийг уншсан гэж над хэлсэн. “Өнчин цагаан ботго”-ыг уншсан. Найзууддаа бэлэглэсний нь мэдэж байгаа. Дахиад хоёр охин, бага хүү байна. Хэн нь ч аавынхаа болоод миний номыг уншсан түүх байхгүй. Эсрэг талд савж байгаа биз. Төрөхийн номон дунд өссөн болохоор. Би бол хүүхдүүдийнхээ сэтгэлийг бодоод үнэтэй ресторанд хоол авч өгөхөөр нь баярлана, хумс хуруу гоё болгож өгөхөд нь баярлана. Хайраа илэрхийлэлцэж байгаа хэлбэр шүү дээ. Миний хумс гоё болсонд биш миний охин тийм цаг зав гаргаж байгаа нь сайхан явдал. Түүнээс миний ба тэдний ертөнц шал өөр. Дунд охин уран бүтээлч л дээ. Ёстой, эцэг эхийн үгэнд орчих вий дээ гэсэн царайтай байдаг. Киноны нь талаар санал хэлбэл шууд зөрөлдөөн болно.
-“John Sheepskin”-ийг хийдэг байх аа?
-Тийм ээ. Миний аав, ээж хоёр ном биччихсэн бол би ойлгох гэж яаж чармайх байв. Тэр бол алга.
-Гэхдээ том охин хувцас дизайнер, дунд охин киноны салбарт ажилладаг гэхээр уран бүтээлч зүйл дамжжээ?
-Зохиолчийн хүүхэд зохиолч болсон түүх ховор юм билээ. А.Дюмагийн хүү нэг гарч ирсэн шиг байгаа юм. Гэтэл эмчийн хүүхэд эмч, зураачийн хүүхэд зураач болох нь бий. Харин зохиолчийн хувьд авьяасаас гадна туулсан амьдрал нөлөөлдөг бололтой байна. Туулж буй амьдрал нь өөр учраас зохиолч болох боломжгүй гэсэн үг. Гэхдээ бага сага юм удамшдаг бололтой байна. Дор дороо юм хийгээд явж байна. Ошогийн хэлсэн үг бий дээ, эцэг эхийн үр хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн сайн зүйл бол адислах гэж. Зүгээр л адислан ерөө. Тийм болохоор би ч хүүхдүүддээ үзэл бодлоо тулгах маш дургүй. Хожим хойно миний шүлгийг сөхөж харах ч юм бил үү, харахгүй байсан ч яах вэ (Инээв).
-Дэлхийн утга зохиолыг идэвхийлэн орчуулж, өөрсдөө мөн бичих гэж оролдож байгаа нэгэн үеийн залуус төрөн гарч байгаагаас та юу олж хардаг вэ?
-Үнэнийг хэлэхэд АНУ-д очиж цэвэрлэгч хийхдээ нэгэн насны цэвэрлэгээний ажлаа барж дуусгалаа гэдэг шиг, нөр их бичгийн ажлын хойно миний унших номын лимит дуусжээ. Уншихгүй байгаа гэсэн үг. Өөрийн хүүхдүүдийг адислан ерөөж байгаа шиг залуу үед ч гэсэн ерөөлийнхөө дээдийг л илгээмээр байна. Бич, туурви, эрж хай. Олцгоо. Та нарын явах зам та нарынх. Болж өгвөл сайн сайхан руу хөтөлсөн, миний горойгоод байгаа үндэсний ухамсрыг сэргээсэн зүйл хийгээсэй гэж. Ш.Гаадамба гэдэг алдартай эрдэмтнээр хичээл заалгаж үзсэн азтай хүн, би. Эхний хичээлээр биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал гэдэг зүйр цэцэн үгийг 90 минутын турш тайлбарласан. Биеэ мэднэ гэдэг орчин цагийн хэлээр өөрөө өөрийгөө нээж олох гэсэн үг. Ямар ч салбарын хүн биеэ мэдчихвэл их сайхан. Хэм хэмжээгээ мэдчихсэн хүн эгогоо тэжээж бусадтай арцалдан гүйх шаардлагагүй. Энэ монголчуудын их том суурь гүн ухаан. Манай нутгийн нэг өвгөн тэгж байсан юм гэнэ лээ. “За, танай руу хулгайч явлаа шүү, унаа залгуулж болохгүй шүү” хэмээн захиж гэнэ. Гэтэл хамгийн сайн морио өгөөд явуулчихаж. Яасан гэвэл, “Бас олон түмэнд тус болох хүн байна шүү. Магнайд нь тийм шинж тэмдэг байна” гэжээ. Би хоёр зүйлээр бодож байгаа юм. Нэг бол монголчууд маш фантазтай улсууд. Нөгөө бол үнэхээр юмыг танин мэдсэн хүмүүс байсан. Аль нь ч бай хэрэгтэй гэж олон материал цуглуулсан. Хуучин цагт бидний мэдлэг арвин байсан юм билээ. Би тэр үзүүрээс хальт шүүрээд л алдсан хүн.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.